Хятадын инженерүүд тагтааны нислэгийг алсаас удирдах систем боловсруулжээ. Шаньдуны шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн энэ ололтын талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тархины электродыг удирдах схемд зориулсан тэжээлийн хөнгөн эх үүсвэрийг нарны зайн дээр тулгуурлан бүтээсэн байна. Нарны зай нь багахан лити аккумляторд тэжээл өгөх бөгөөд энэ аккумляторт гүйцэтгэх электродууд, алсын удирдлагаас ирэх дохиог хүлээн авагч холбогдсон байдаг аж.
Эрдэмтдийн өгүүлснээр, аккумляторын эзлэхүүн хоёр цагийн нислэгт хангалттай хүрэлцэхүйц тул энэ төрлийн чип суурилуулсан шувууг бодит хэрэгцээнд зориулан ашиглаж болох гэнэ. Тархиндаа чип суулгуулсан тагтаанууд алсын удирдлагаас өгөх командыг 80-90 хувьтай биелүүлдэг аж.
Хятадын эрдэмтдийн боловсруулсан энэ арга эрэн хайх, аврах, терроризмын эсрэг болон тагнуулын ажиллагаанд тохиромжтой гэж тэд үзэж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |