ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу НАТО-ын орнуудын батлан хамгаалахын сайд нартай утсаар ярих үеэрээ "Украинд "бохир бөмбөг" байгаа" хэмээсэн. Үүнээс өмнө 10 дугаар сарын 23-ны өдөр Оросын РИА Новости агентлаг дамжуулсан мэдээнд "Украины нутаг дэвсгэр дээр "бохир бөмбөг" бэлдэж байна, үүнийг ашиглан өдөөн хатгалга хийж, улмаар энэ бүхний бурууг Орос руу чихэх гэж байгаа" хэмээн онцолсон байв.
"Өдөөн хатгалга хийх зорилго нь Орос улс цэргийн ажиллагааны талбарт үй олноор хөнөөх зэвсэг ашигласан хэмээн буруутгаж, улмаар дэлхий даяар Оросын эсрэг чиглэсэн аян өрнүүлэх явдал" хэмээн РИА Новости мэдээлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, "Дорнын уулын баяжуулах үйлдвэр болон Киевийн цөмийн судалгааны хүрээлэнгийн удирдлагад "бохир бөмбөг" хийх үүрэг өгсөн" гэнэ.
Үүний дараа Оросын Гадаад хэргийн яам ч ийм бөмбөг байгаа гэсэн мэдээлэл авсан хэмээн мэдэгдэж байв. Мэдээж Украины тал үүнийг үгүйсгэсэн. "Бүдүүлгээр худлаа ярьж, үүнд нь хэн нэгэн нь итгэнэ гэж найдсаар байна" хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк Оросыг буруутгаж байсан юм.
"Бохир бөмбөг" гэж юу вэ?
Энэ бөмбөгийг "цөмийн бөмбөг" гэж ойлгох нь бий. Үнэндээ энэ нь цөмийн бөмбөг биш, харин радиологийн зэвсэгт хамаардаг.
"Бохир бөмбөг" гэдэг нь цацраг идэвхит бодис эсвэл цезий, иридий, плутони зэрэг цацрагын төвшин багатай үйлдвэрийн эсвэл эмнэлгийн хог хаягдлаар дүүргэсэн энгийн хошуу эсвэл сум байдаг. Энэ төрлийн зэвсгийг тэслэх үед гинжин урвалтай цөмийн дэлбэрэлт үүсдэггүй аж.
Зэвсгийн шинжээчдийн өгүүлснээр, "бохир бөмбөг" дэлбэрснээс үүдэх хор уршиг нь онгоц эсвэл пуужингаас хаясан энгийн бөмбөгнөөс ихгүй байдаг гэнэ. Гэхдээ ийм бөмбөг цацраг идэвхит хэсгүүд агуулсан байдаг тул бөмбөг унасан бүс нутаг бохирдож, олон жилийн туршид энд амьд амьтан амьдрахад тохиромжгүй болдог аж. Өөрөөр хэлбэл цөмийн цахилгаан станц сүйрч, цацраг тархсан Чернобылийн нутаг шиг болно гэсэн үг.
Харин байлдааны зэвсэг гэдэг талаас нь авч үзвэл радиологийн зэвсгийн аюул төдийлөн их биш, "бохир бөмбөг" сөргөлдөгч талынхаа бэхлэлтийг сэтэлж, эсвэл байлдааны техникийг ч устгаж чадахгүй, бие бүрэлдэхүүнийг устгах чадваргүй гэж цэргийн шинжээчид онцолжээ.Үүний зэрэгцээ орчин үеийн армиудад цацраг, хими, биологийн хамгаалалтын анги, хэсгүүд байдаг болсон. Тэдгээр нь сөргөлдөгч тал цацрагийн зэвсэг ашигласан нөхцөлд учрах хохирлыг хамгийн бага байлгах тал дээр ажилладаг юм.
Тиймээс энэ зэвсгийг тулаанд ашигладаггүй. Гэхдээ алан хядах ажиллагаа үйлдэх зорилгоор ашиглах болможтой байдаг аж. Учир нь энэ бөмбөг дэлбэрсэн газарт олон жилийн турш амьдрах боломжгүй болох бол цацрагийн нөлөөнд өртсөн орон нутагт хүмүүс үлдэн амьдарсаар байвал төрөл бүрийн өвчин тусаж, нас баралт нэмэгддэг гэнэ.
Украин энэ төрлийн бөмбөг бүтээх боломжтой юу?
Шинжээчдийн онцолж байгаагаар, атомын цахилгаан станцтай улс бүр л үүнийг хийх боломжтой гэнэ. Украинд Запорож, Ровенск, Хмельницк, Чернобыл, Өмнөд Украины гэсэн таван атомын цахилгаан станц бий.
Онолын хувьд цөмийн эрчим хүч гаргах явцаас гарсан хаягдлуудыг нутаг дэвсгэр бохирдуулах цацраг идэвхит материал болгон ашиглах боломжтой аж.
Хэдийгээр Украин ийм зэвсэг бүтээх боломжтой ч үүнийг хэрэглэхгүй гэж ажиглагчид үзэж байна. Үй олноор хөнөөх зэвсгийг дайны үеэр түрүүлж хэрэглэсэн тал дэлхий даяар адлагдах нь гарцаагүй, харин өнөөгийн нөхцөлд Украинд барууныхны дэмжлэг нэн шаардлагатай байгаа нөхцөлд ийм алхам хийхгүй байх хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм.
Г.Бямбасүрэн