Сангийн сайд. Б.Жавхлан 2023 оны төсвийг “Томоохон тохиргоо, засвар хийсэн улс төрийн зоримог шийдэлтэй төсөв болсон” хэмээн тодорхойлоод буй. Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, урьд өмнө эхэлсэн улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн үр ашигтай томоохон төслүүдийг 2023 онд эхлүүлж, заримыг нь дуусгана. Мөн орон нутгуудад дусал дуслаар олгодог “тойргын” төсвөөс татгалзаж, сая гаруй хүн амтай Улаанбаатарын нийтийн тээвэрт эрс шинэчлэл хийнэ зэргээр 2023 оны төсөвт томоохон шийдлүүд цөөнгүй бий.
Мөн ирэх онд баялаг бүтээгчдийг дэмжих татвар, төсвийн томоохон бодлого хэрэгжүүлэхээр төсвийн хуулинд тусгаад байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд бодит дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд:
Хөрөнгийн зах зээлд IPO гаргах уул уурхайгаас бусад салбарын компаниудын хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10, гадаадад 20 хувь байдгийг 5 хувь болгон бууруулна.
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж 5, 25 байсан татварыг тэглэнэ.
IPO гаргахад зарцуулсан 20 хувийн зардлыг чөлөөлнө.
IT компаниудын гадаад руу шилжүүлдэг суутган татварыг 20 хувиас 5 болгон бууруулна.
Гарааны компаниудыг эхний таван жил татвараас чөлөөлнө.
Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах шатны үйлдвэрүүдийг 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлнө.
Багагүй хугацаанд нам жим байсан хөрөнгийн зах зээлийг төрийн бодлогоор дэмжиж, IPO гаргах компани бүрт төсөв, татварын дэмжлэг үзүүлэхээ Засгийн газар ийнхүү зарлалаа. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбар идэвхжсэнээр хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт таатай хөрс бүрэлдэх нь мэдээж. Банкны хуулийн дагуу арилжааны банкууд ч нээлттэй компани болох учиртай. Банкны салбарын реформын эхлэлийг Төрийн банк тавьж, нийт хувьцааныхаа таван хувийг олон нийтэл санал болгож, захиалга нь давж биелээд байна. Энэ нь олон нийт ч хөрөнгийн зах зээлийг сонирхож, идэвхтэй оролцогч болж буйгийн илрэл юм.
Ирэх оны төсөвт тусгагдсан бас нэг том зорилго нь хөдөөг дэмжих. Хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн хотын асуудлыг шийдвэрлэхийн тулд дагуул хотуудыг байгуулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Тиймээс 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.
Мөн орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болголоо. Энэ нь нутгийн иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчныг бүрдүүлэхээс гадна чадварлаг боловсон хүчнийг орон нутагт татах бас нэг хөшүүргэ болно хэмээн үзэж байна. Үүнээс гадна хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулах юм.
Төсвийн хууль зөвхөн тухайн жилдээ үйлчилдэг богино бодлого байх учиргүй. Тиймдээ ч Засгийн газар 2023 оны төсөв ирэх жилүүдийн эрс шинэчлэлийн эхлэл болно хэмээн үзэж байна. Хэдийгээр гадаад хүчин зүйлс, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй ч ирэх жилийн төсвөөр өнгөрсөн он жилүүдийн дутууг дуусгаж, 2024 оны төсвийн жилийн бааз суурийг бүрдүүлнэ.
Б.Хэрлэн