ОХУ-ын Владимир Путин есдүгээр сарын 20-ны өдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэж байсан ч энэ нь тодорхойгүй шалтгаанаар хойшлон, есдүгээр сарын 21-нд мэдэгдэл хийхээр болсон юм. Тэрбээр энэ мэдэгдлээ Москвагийн цагаар есдүгээр сарын 21-ний 09.00 цагт, Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхлүүллээ.
Оросын хараат бус байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалах сэдвээр мээдгдэл хийсэн Путин барууны орнуудын бодлогын талаар ч ярьсан юм.
"Барууны зорилго бол Оросыг сулруулах, сүйтгэх. 1991 онд ЗХУ-ыг задлаж чадсан, одоо Оросын цаг нь ирсэн гэж тэд ил тод хэлдэг. Барууны элитүүд ноёрхлоо хадгалж үлдэхийн тулд бүхий л чадлаараа хичээж, үүний тулд хүчний бусад төвийг дарж байна" хэмээн Путин онцолжээ.
Түүнчлэн барууны орнууд ОХУ-ыг өөр хоорондоо дайсагнагч мужууд болгон хуваах эрмэлзэлтэй байгаа бол Украины ард түмнийг аль 2014 онд золионд гаргасан гэж Владимир Путин мэдэгджээ.
Ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Владимир Путин ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ийм шийдвэр хэдийнэ гарсан, батлагдсан гэж тэрбээр есдүгээр сарын 21-ний мэдэгдлээрээ онцолсон юм.
"Одоо нөөцөд байгаа болон Зэвсэгт хүчний эгнээнд алба хаасан, цэрэг бүртгэлийн тодорхой мэргэжилтэй, зохих туршлагатай иргэдийг л цэргийн албанд дуудна" хэмээн Путин ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Хэсэгчилсэн дайчилгааны ажил өнөөдрөөс буюу есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэж байгаа юм байна
"Хэсэгчилсэн дайчилгаа " гэж юу вэ, хэн татагдах вэ ?
Орчин үеийн Оросын түүхэнд бүх нийтийн дайчилгаа нэг ч удаа зарлагдаж байгаагүй гэнэ. Хуульд зааснаар, дайчилгаа зарласан нөхцөлд нөөцөд байгаа бүхий л хүмүүс дайчилгааны хуудсанд бичигдсэн хугацаанд цугларах хэсэгт очих үүрэгтэй аж.
ОХУ-ын хуулийн дагуу бүх нийтийн эсвэл хэсэгчилсэн дайчилгаа зарлах боломжтой бөгөөд хэсэгчилсэн дайчилгааны үед тухайлсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой тооны хүмүүсийг цэрэгт дайчлах юм байна. Ийнхүү боломжтой байсан нөхцөл өнөөдөр нэг мөр хэрэгжлээ. Путин албан ёсоор "хэсэгчилсэн дайчилгаа" зарласан юм.
Нөөцөд, бэлтгэлд байгаа хүмүүс дайчилгааны хуудас аваад заасан хугацаанд, заасан газарт очих ёстой бөгөөд үүнийг зөрчвөл 500-3000 рублиэр торгох заалттай. Түүнчлэн цэргийн мэргэжилтэй эмэгтэйчүүдэд ч дайчилгаа хамааралтай байдаг. Харин армид алба хааж байгаа хүмүүсийн хувьд тэднийг дайчилгаа зарлаагүй байсан ч байлдааны ажиллагаанд татах болможтой юм байна. Цэргийн албанаас халагдсанаас хойш дөрвөн сарын дотор хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд оролцуулахаар илгээж болох хуулийн заалт үйлчилдэг аж.
Өмнө нь ийм хуулийн зохицуулалт үйлчилж байсан бол ердөө өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Төрийн дум Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, "дайчилгаа", "дайны байдал", "дайны цаг үе" зэрэг нэр томъёог оруулсан юм. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хэсэгчилсэн дайчилгаа зарласан үед дуудсан гаазрт ирээгүй, цэргийн болон байлдааны ажиллагаанд оролцохоос татгалзсан хүмүүс хорих ялаар шийтгүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Г.Бямбасүрэн