ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хоёрдугаар сарын 24-нд өгсөн тушаалаар эхэлсэн дайны 203 дахь өдөр лхагва гарагт тохиолоо. Энэ өдөр сөргөлдөгч талууд байлдааны ажиллагаагаа , Украины зэвсэгт хүчин сөрөг давшилтаа үргэлжлүүлж, харин олон улсын зүгээс Орост шахалт үзүүлэх зорилгоор ээлжит арга хэмжээгээ авсан талаар DW агентлаг мэдээлжээ. Дайны 203 дахь өдөр Украин, Оросын дайнтай холбоотой өрнөсөн үйл явдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Зеленский Кривой Рогийг живүүлэх гэсэнд Оросыг буруутгав
Есдүгээр сарын 14-ний үдэш Оросын цэргүүд Украины нэн чухал дэд бүтцэд ээлжит цохилтоо өгсөн байна. Энэ удаад Украины Ерөнхийлөгчийн төрөлх хот болох Кривой Рог хотод цохилт өгчээ. Энэ цохилтын улмаас усан техникийн байгууламжууд гэмтэж, улмаар Ингулец голын усны төвшин 2-3 метрээр нэмэгдсэн талаар Украины хэвлэлүүд мэдээлсэн байна. Кривой Рог хотын дээрээс Оросын найман пуужин унасан бөгөөд энэ нь украинчуудын эсрэг "алан хядах ажиллагаа" хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны орлогч дарга Кирилл Тимощенко мэдэгджээ.
"Оросууд стратегийн нисэх хүчний онгоцуудаар Х-22 пуужингаар долоон удаа цохилт өгсөн. Нэн чухал болон тээврийн дэд бүтцийн объектууд цохилтод өртсөн. Усан техникийн байгууламжууд ноцтой гэмтлээ. Урьдчилсан мэдээллээ гэмтэж бэртсэн хүн байхгүй. Кривой Рог хотын хэд хэдэн дүүрэг усгүй болсон" хэмээн Днепропетровскийн захиргааны тэргүүн Телеграм хуудсандаа бичсэн байна.
Энэ үйл явдалтай холбоотойгоор Украины Ерөнхийлөгч Зеленский ч мөн мэдэгдэл хийжээ.
"Алан хядагч улс энгийн ард түмний эсрэг дайтсаар байна. Энэ удаад усан техникийн байгууламжуудад цохилт өглөө, энэ бол Кривой Рог хотыг живүүлэх гэсэн оролдлого. Айлгаж, цочоож, онц байдал үүсгэж, хүмүүсийг гэрэл, дулаан, ус, хүнсгүй болгохыг оролдох нь эзлэн түрэмгийлэгчдийн ганц чаддаг зүйл" хэмээн Зеленский Телеграм хуудсандаа бичжээ.
Харьков мужийн зургаан хувь нь эзлэгдсэн хэвээр байна
Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Малярын мэдэгдсэнээр есдүгээр сарын зургааны өдрөөс хойш Украины цэргүүд Харьков мужийн 8500 кв.км нутаг, 388 суурин, 150 мянган хүнийг чөлөөлжээ.
"Бид ийм амжилтыг эртнээс хүлээсэн, гэхдээ бид цааш тулалдах хэрэгтэй. Бүрэн ялалт байгуулах хүртэл олон хүн, ихээхэн газар нутгийг чөлөөлөх ёстой. Бидэнд цаг хугацаа, хүч чадал, тэвчээр хэрэгтэй" хэмээн Анна Маляр Фейсбүүк хуудсандаа бичжээ.
Харин Харьков мужийн захиргааны тэргүүн Олег Синегубов Зеленскийтэй хийсэн зөвлөгөөний үеэр Харьков мужийн зургаа орчим хувь нь Оросын хяналтад байгаа хэмээсэн байна. Мужийн 16 хэсгийг бүрэн, долоон хэсгийг хэсэгчлэн чөлөөлжээ. Украины зэвсэгт хүчин сөрөг довтолгоо хийхээс өмнө Харьков мужийн 32 хувь нь Оросын цэргүүдэд эзлэгдсэн байсан аж.
Зеленский Изюм хотод Украины далбааг мандуулав
Харьков мужид чөлөөлөгдсөн гол хотуудын нэг нь Изюм хот юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт энэ хотод очжээ. Улмаар Зеленский, Анна Маляр, хэд хоногийн өмнө Изюм хотыг чөлөөлсөн Украины Зэвсэгт хүчний төлөөлөгчид Изюм хотод Украины далбааг мандуулах ёслолд оролцсон талаар УНИАН мэдээлжээ.
"Өмнө нь бид дээш харахдаа гагцхүү хөх тэнгэр олж харах л зорилготой байлаа. Харин өнөөдөр, дээш харахдаа гагцхүү нэг л зүйлийг хайна. Энэ бол Украины далбаа. Манай хөх, шар өнгийн далбаа чөлөөлөгдсөн Изюм хотын дээр мандаж байна. Украины хот, суурин бүрт төрийн далбаа мандана. Бид гагцхүү ялалтыг чиглэн урагшилна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Европын холбоо хоригоо сунгав
Европын холбооны зөвлөл Украины нутаг дэвсгэр, хараат бус байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн этгээдүүдийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ дахин хагас жилээр буюу 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгажээ. Европын хоригт 1206 хувь хүн, 108 хуулийн этгээд багтаж байгаа аж.
"Орос улс энгийн иргэд, иргэний дэд бүтэц рүү эмх замбараагүй халдаж байгааг ЕХ буруушааж, ямар нэг болзолгүйгээр бүх цэрэг, техникээ Украины нутаг здэвсгэр дээрээс гаргахыг уриалж байна" хэмээн Европын холбооны мэдэгдэлд онцолжээ.
Түүнчлэн олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг мөрдөхийг уриалсны дээр цэргийн гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүд хариуцлагад татагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Шольц: Путин байр сууриа өөрчлөөгүй бололтой
Мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан Германы канцлер Олаф Шольц яриа хэлэлцээрийн талаар тайлбар өгчээ. Тэд 1,5 цаг гаруй хугацаанд утсаар ярилцсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Энэ үеэр Путин байр сууриа өөрчилсөн шинж тэмдэг огт олж хараагүй хэмээн Шольц мэдэгдсэн байна.
"Харамсалтай нь, энэ дайныг эхлүүлэх нь том алдаа байсан гэж тэрбээр ухамсарлаж байгаа гэж та бүхэнд хэлж чадахгүй нь. Кремль байр суурь нь өөрчлөгдсөн ямар ч шинж байгаагүй" хэмээн Шольц мэдэгджээ.
Энд дуулгахад, сүүлийн өдрүүдэд Оросын албаны этгээдүүд хэлэлцээгээ сэргээхийг удаа дараа санал болгосон гэнэ. Энэ талаар Украины дэд сайд Ольга Стефанишина мэдэгджээ.
"Украин хэзээ ч хэлэлцээрээс ухраагүй. Гэхдээ Оросын үйлдсэн, сар бүр үргэлжлүүлсээр байгаа гэмт хэрэг ноцтой гэдэг талаас нь харвал хэлэлцээрийн хөшүүргүүд хоёрдугаар сарынхаас эрс ялгаатай" хэмээн Ольга Стефанишина мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, дайн эхэлснээс дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Орос, Украины хэлэлцээрийн эхний шат болж байлаа. Үүнээс хойш биечлэн болон цахимаар хэдэнтээ уулзаж, хамгийн сүүлд Туркийн Стамбулд хэлэлцсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй, тэр үеэс хойш зогсонги байдалд орсон юм.
Г.Бямбасүрэн