Их Британийг 70 жил удирдсан хатан хаан II Елизавета 96 насандаа таалал төгсжээ. Есдүгээр сарын наймны орой түүнийг эмч нарын зөвлөснөөр хяналтад оруулсан бөгөөд удалгүй тэрбээр таалалн төгссөн байна. Одоо түүнийг том хүү Чарльз нь III Карл нэрээр залгамжлах юм байна.
Мягмар гарагт, эмч нар хатан хааны эрүүл мэндэд санаа зовниж, хяналтад оруулсны дараа хатан хааны Шотланд дахь Балморал ордонд түүний бүх хүүхэд, ач, хаан ширээ залгамжлагч Уильям болон Харри нар иржээ. Энэ талаарх мэдээлэл дөнгөж пүрэв гарагт нийтэд ил болсон юм.
“Хатан хаан Балмаролд тайван нойрслоо” хэмээн Букингемийн ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.
"Бидний хатан, хайрт ээж минь таалал төгссөнд бид гүн эмгэнэж байна. Энэ уй гашуу орон даяар болон Нөхөрлөлийн орнуудад хүнд тусна гэдгийг мэдэж байна. Дэлхий даяар ч олон хүн уй гашууг хуваалцана. Энэхүү хүнд үед манай гэр бүл хатан хаан хичнээн их хүндлэл хүлээж байсныг хараад бид тайвширна” хэмээн хаан III Карл мэдэгджээ.
Тэрбээр шинэ хааны хувьд гашуудлын ёслолыг тэргүүлэх юм байна.
Мягмар гарагт шинэ албан тушаалдаа очсон Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс хатан хааныг бие барсантай холбоотойгоор товч мэдэгдэл хийжээ. Тэрбээр энэ үйл явдлыг “манай ард түмэн төдийгүй дэлхий дахинд хүндхэн мэдээ боллоо” хэмээгээд II Елизаветаг “өнөөгийн Их Британийг бүтээхэд тулгуур үндэс нь байсан” хэмээсэн байна.
II Елизавета 70 жилийн туршид Британийг удирдаж, өөрчлөлт шинэчлэлтийг туулж, дэлхий дахинаа хүндлэл хүлээсэн юм. Түүнийг төр барьж байх үеэр улс орон нь хөнөөлт Дэлхийн II дайны дараа сэргэж, хүйтэн дайнд ялагч болж, дараа нь Европын холбооны бүрэлдэхүүнээс гарсан. II Елизаветаг төрж барих хугацаанд 1874 онд төрсөн Уинстон Черчиллиэс эхлээд Черчиллиэс 101 насаар дүү Лиз Трасс хүртэл 15 Ерөнхий сайд солигдсон юм. ВВС агентлагийн онцолсноор, өдгөө Их Британи болон Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнуудад амьдарч буй хүмүүсийн ихэнх нь II Елизаветагийн эринд төрж, бүхий л насаараа амьдарчээ. Энэ эрин 1952 онд эхэлсэн бөгөөд Шинэ Елизаветагийн эрин нэртэй болсон юм. Өнөөдөр энэ эрин төгслөө.
Гашуудлын үе
Өнөөдрөөс эхлэн хатан хааны гэр бүлд гашуудлын өдрүүд эхэлж байна. Бүхий л албан ёсны арга хэмжээг хойшлуулж, эсвэл цуцлан, хатан хааны ордон, засгийн газрын байр, цэргийн объектууд дээрх төрийн далбааг бөхийлгөжээ. Мөн өнөөдөр парламентын гишүүд хатан хаанд хүндэтгэл үзүүлж, шинэ хаанд тангараг өргөх юм байна.
Орон нутгийн болон үндэсний төрийн, буяны байгууллагууд сүмийн хонхны дуу, ёслолын буудлаган дор ёслол үйлдэж, эмгэнэлийн дэвтэр нээх аж. Ойрын хоёр долоо хоногт хатан хаантай салах ёс хийх төрийн оршуулгын ёслол болох юм байна.
Хатан хаан бие барсан тухай мэдээ авмагц дэлхийн олон орны төрийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлжээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден II Елизавета 2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт үйл явдлын дараа Америкийн ард түмэнтэй хэрхэн сэтгэл зүрхээрээ нэг байсныг дурссан байна. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг “зөөлөн сэтгэлтэй хатан хаан”, “Францын анд нөхөр” хэмээсэн бол Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хатан хааныг хамгийн ихээр хүндэлдэг хүмүүсийнх нь нэг хэмээжээ.
Хатан хаан өнөр өтгөн гэр бүлээ үлдээгээд тэнгэрт мориллоо. Тэрбээр Чарльз, Анна, Эндрю, Эдварт гэсэн дөрвөн хүүхэд, найман ач, 12 гучтай юм. Ердөө өнгөрсөн жил хатан хааны хань, шинэ хааны эцэг Эдинбургийн гүн Филипп таалал төгссөн юм.
Хатан хаан
Ирээдүйн II Елизавета хатан хаан Элизбает Александра Мэри Виндзор 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Лондон хотноо мэндэлжээ. Тухайн үед түүнд хаан ширээ залгамжилагдана гэж хэн ч тааварлаж байсангүй. Гэвч 1936 оны 12 дугаар сард түүний авга ах VIII Эдуард өмнө нь хоёронтаа гэр бүл зохиож байсан УоллисСимпсон гэх америк бүсгүйтэй гэрлэхийн тулд хаан ширээнээс татгалзжээ.
Ингээд Елизаветагийн эцэг VI Георг хаан болж, харин Елизавета 10 насандаа хаан ширээ залгамжлагч болсон байна. Үүнээс гурван жилийн дараа Германтай дайн эхлэв. Дайны ихэнх үеийг Элизабет болон түүний эгч гүнж Маргарет нар Виндзорын цамхагт өнгөрүүлжээ. Элизабет 18 насандаа Британийн армийн бүс нутгийн туслах албанд таван сарын туршид жолооч механикчийн сургалтад суужээ.
Тэрбээр дайны үед флотод алба хааж байсан хамаатны ах ханхүү Филипптэй байнга захидал бичилцэн, улмаар анх удаа уулзахдаа Филипп гүнжид ихээхэн таалагдсан гэдэг. Дайны дараа тэд хайр сэтгэлийн холбоотой болж улмаар 1947 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрллэжээ. Тэр хамтдаа 74 жилийг үдэж, Эдинбургийн гүн Филипп эцсийн амьсгалаа хураатлаа хатан хааны тулгуур байсаар 2021 онд 99 настайдаа таалал төгссөн юм.
Г.Бямбасүрэн