ОХУ Украинд дайн өдүүлсний дараагаас л Оросын томоохон газрын тос, хийн компаниудад өмнө нь удирдах албан тушаал хашиж байсан болон ажил албаа үргэлжлүүлж байсан хүмүүс гэнэт л нас барсан тохиолдол бишгүй гарсан юм. Хамгийн сүүлд гэхэд л "Лукойл" газрын тосны компанийн захирлуудын зөвлөлийн дарга, 68 настай Равиль Маганов эмнэлгийн цонхоор унаж амиа алдсан талаар бид гадаадын агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байлаа. Үүнээс өмнө ч нэг бус ийм тохиолдол гарсан бөгөөд тэдний үхэл болон тэд Украинруу халдсан явдлыг хэрхэн ярьж байсан талаар Фокус, Медуза, Ройтерс агентлагуудаас иш татан хүргэе.
2022 он гарсаар Газпромтой холбоотой таван топ менежер амиа алдсан юм. Харин “Лукойл” газрын тосны компанийн захирлууд амьд мэнд, гэхдээ энэ компанид топ менежерээр ажиллаж байсан Александр Субботин архины хордлогоо эмчлүүлж байгаад нас баржээ.
Богино хугацаанд ямар нэг ижил тохиолдол хэдэнтээ давтагдаж байгаа бол энэ нь санамсаргүй явдал биш гэж “Пента” улс төрийн судалгааны төвийн захирал, Украины улс төр судлаач Владимир Фесенко “Фокус” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
"Магадлалын онол ийм л байдаг юм. Зарим үхэл тайлагдашгүй, топ менежерүүд гэр бүлийнхнийгээ ч хөнөөж байлаа. Үүнийг тусгай албад, эсвэл тэдний хяналтад байдаг байгууллагуудын ажлаар тайларлаж болно. “Новичок” (shuud.mn: Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг хордуулсан, мэдрэл саармагжуулах үйлчилгээтэй хорт бодис)-ийг санацгаая. Хүмүүст нөлөөлөхийн тулд сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлүүдийг ч ашигладаг. Ингэснээр ийм бэлдмэл уусан хүмүүс түрэмгий авир гаргах эсвэл амиа хорлох байдалд хүрнэ” хэмээн Фесенко өгүүлжээ.
“Лукойл”-ын захирлуудын зөвлөлийн тэргүүн цонхноос унав
Оросын томоохон газрын тосны компани болох “Лукойл”-ын захирлуудын зөвлөлийн тэргүүн 68 настай Равиль Маганов таалал төгссөн нь ихээхэн шуугиан тарьсан юм. Мөрдөн байцаагчдын өгүүлснээр, тэрбээр Москва дахь Төв клиник эмнэлгийн зургаан давхарын цонхноос унаж амиа алджээ.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрбээр зүрх судасны өвчин, сэтгэл хямралын улмаас эмнэлэгт хэвтсэн аж. Маганов өмнө нь ЗХУ-д газрын тосны дэд сайд байсан Валерийн Грайферын дараа “Лукойл”-ын захирлуудын зөвлөлийн тэргүүний алба хаших болжээ. Грайферын тухайд, 2000 оноос хойш тасралтгүйгээр энэ албыг хашиж байгаад 91 насандаа таалал төгссөн гэнэ.
Маганов энэ ажлыг авснаар олон дэвшилтэт алхам, тэр дундаа Каспийн болон Балтын тэнгис дэх газрын тосны шинэ газруудыг компани эзэмшиж, Коми дахь газрын тосны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн гэж “Лукойл” онцолжээ.
Равиль Маганов Украин, ОХУ-ын харилцааны талаар өөрөө ам нээж байгаагүй. Харин “Лукойл”-ын захирлуудын зөвлөл гуравдугаар сарын эхээр цэргийн түрэмгийллийг эсэргүүцэж байсан аж. Тэд эмгэнэлт үйл явдалд санаа зовниж, дайнд хохирсон хүмүүст гүн эмгэнэж байгаагаа илэрхийлж байсан гэнэ. Хоёрдугаар сарын 24-нд ОХУ дайн өдүүлснээр “Лукойл” Их Британи, АНУ-ын хоригт багтжээ.
Бөө эмчлэв үү, хордуулав уу?
“Лукойл”-тай холбоотой өөр нэг оньсого мэт үхэл бий. Энэ нь компанийн топ менежер байсан Александр Субботины үхэл. Тэрбээр архины хордлогоо бөөгөөр эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд түүний үхлийн талаар тавдугаар сарын есний өдөр хэвлэлүүд мэдээлж байв.
Магуа гэх бөө эхнэрийн хамт Субботиныг хортой бах мэлхийгээр эмчилж, зүрх нь гэнэт муудахад хэн ч түргэн тусламж дуудалгүй өөр нэг бэлдмэл өгчээ. Оросын зарим хэвлэлийн мэдээлснээр Субботин хэдэн өдрийн туршид согтууруулах ундаа хэрэглэсэн гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний цусанд согтууруулах ундаа, кокаин болон бусад төрлийн мансууруулах бодис олдсон аж.
Тэрбээр олон нийтийн өмнө Орос, Украины дайны талаар ярьж байгаагүй аж. Харин “Лукойл”-аас гарсныхаа дараа “Шинэ тээврийн компани” байгуулж, ажиллуулж байжээ.
Улс төр судлаач Фесенкогийн өгүүлснээр, Орост “Лукойл”-ыг төрд авах талаар ихээхэн ярьж, энэ компанийг хяналтдаа оруулахаар эрх баригчид төлөвлөж байсан гэнэ.
“Ийм төлөвлөгөөнд саад болсон хүмүүсийг зайлуулдаг байх. Шоронд суулгаж болох л байсан л даа, гэхдээ оньсого шиг үхэл бусдыг илүү айлгана шүү дээ” хэмээн шинжээч өгүүлжээ.
“Газпром”-той холбоотой үхлүүд
Байгалийн хийн монополь компани болох “Газпром”-той холбоотой хүмүүс хамгийн ихээр амиа алдсан юм.
Энэ оны зургадугаар сарын эхээр 61 настай Юрий Воронов Петербургийн ойролцоо буудуулж амиа алдсан. Тэрбээр “Газпром”-ын туслан гүйцэтгэгч “Астра Шиппинг” тээврийн компанийг удирддаг байжээ. Юрий Вороновын эхнэр түүнийг ажил хэргийн түншүүдтэйгээ сөргөлдсөн, мөнгөө алдсаны улмаас их уудаг болсон хэмээн ярьсан байна.
Медуза сонины бичсэнээр, Юрий Воронов эх оронч байсан, хамгийн сүүлд найзуудтайгаа ярилцахдаа либералуудыг шүүмжилж байсан гэнэ.
Газрын тосны компанид томоохон алба хашиж байсан хүмүүсийг гэр бүлийнхнийх нь хамт хөнөөсөн хэрэг ч гарч байлаа.
Тухайлбал, “Газпромбанк”-д дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Владислав Аваев гэр бүлийнхнийхээ хамт амиа алдсан байхыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр олжээ. Аваев 47 настай эхнэр Елена болон 13 настай охин Мариягаа буудан хөнөөгөөд дараа нь амиа хорлосон гэж хууль сахиулагчид мэдэгдэж байсан юм.
Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 25-ны өдөр Ленинград мужийн Ленинский тосгоноос 61 настай Александр Тюляков дүүжлэн “амиа хороосон” байхыг олжээ. Тэрбээр “Газпром”-ын нэгдсэн тооцооны төвийн дэд захирлаар ажиллаж байсан гэнэ.
Цагдаагийнхан ирэхээс өмнө гурван жип машинтай “булчинлаг залуус” ирээд өөрсдийгөө “Газпром”-ын аюулгүй албаны ажилтнууд гэж танилцуулсан хэмээн “Новая газета” сонин бичжээ.
Эдгээр залуус байшингийн ойролцоох нутаг дэвсгэрийг бүсэлж, хэнийг ч оруулаагүй гэнэ. Тюляков нас барахынхаа өмнө ихээхэн зодуулсан байдалтай харагдсан гэх бөгөөд хэн, яагаад түүнийг зодсон талаарх мэдээлэл огт гараагүй.
Мөн энэ сууринд “Газпром Инвест” тээврийн албаны тэргүүн, 60 настай Леонид Шульман нэгдүгээр сарын 30-ны өдрийн гэртээ нас баржээ. Түүний гэрээс бичиг олсон гэх бөгөөд Шульман хугарсан хөл нь хэт их өвдөж байгаа тул цаашид энэ өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй гэж бичсэн байсан гэнэ.
Энэ бичиг үнэн эсэхэд мөрдөн байцаагчид эргэлзэв, нэн чинээлэг тэрбээр хамгийн сайн өвчин намдаагч авч чадах л байсан. Медуза сонины бичсэнээр, 2021 оны сүүлээр “Газпром”-ын аюулгүй алба “Газпром Инвест”-ийг шалгасан гэх бөгөөд тиймээс амиа хорлолтын жинхэнэ шалтгаан нь өвдөлттэй огт холбоогүй байх гэж ажиглагчид үзэж байгаа гэнэ.
Ленинград мужийн мөрдөн байцаах хороо дээрх хоёр амиа хорлолтын талаар ямар ч тайлбар өгөөгүй, харин “Газпром” сэтгүүлчдийн асуултад хариулдаггүй аж.
Гэр бүлээрээ амиа алдсан өөр нэг топ менежер нь Сергей Протосеня. Тэрбээр Испанийн Льорет-де-Мар хотод дөрөвдүгээр сарын 21-ний өдөр амиа алджээ. “Новатэк”-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилалж байсан тэрбээр эхнэр, охин хоёроо сүхээр цохиж хөнөөгөөд, дараа нь цэцэрлэгт дүүжлэн амиа хорлосон гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байв.
Энэ явдлын дараа хүү Фдор нь Сергейг амиа хорлох хүн биш хэмээн ярьжээ. Сергей “Новатэк”-ээс гарах үедээ 400 сая еврог хураасан байсан гэнэ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Оросын газрын тосноос олсон мөнгийг дайнд зарцуулахаар гаргаж байгаа талаар топ менежерүүд хэт ихийг мэдэж байсан гэнэ. Тиймээс ийм мөнгийг зарим нь хувьдаа ашиглаж, ингээд шийтгэлээ хүртсэн байж болзошгүй, эсвэл ул мөрөө баллахын тулд тэднийг зайлуулсан, учир нь газрын тосны мөнгийг “тусгай ажиллагаанд” зориулан хэрхэн гаргадаг схемийн талаар зарим хүн хэт ихийг мэдэж байсан гэсэн таамаглалыг улс төр судлаачид дэвшүүлжээ.
Г.Бямбасүрэн