"Восток-2022" стратегийн команд-штабын сургуулилалт өнөөдөр буюу есдүгээр сарын нэгний пүрэв гарагт Орост эхэлж байна. Энэ сургуулилалтын явцад Орос, Хятадын хөлөг онгоцууд Япон тэнгист хамтарсан сургуулилалт хийнэ гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээлснээр сургуулилалт Дорнод цэргийн тойргийн долоон полигон, Агнуурын болон Японы тэнгис, эрэг орчмын бүсэд явагдах юм байна.
Энэ сургуулилалтад нийт 50 мянга гаруй цэргийн алба хаагч, 5000 гаруй зэвсэг, цэргийн техник, тэр дундаа 140 нисэх аппарат, 60 байлдааны хөлөг онгоц оролцоно гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ. "Восток -2022" сургуулилалтад Азербайжан, Алжир, Армени, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол, Никарагуа, Сири, Тажикистан гэсэн орнууд шуурхай бүлэг болон ажиглагчдаа илгээсэн гэнэ.
"Энэ сургуулилалт нь ямарваа нэг орон эсвэл цэргийн холбооны эсрэг чиглэгдээгүй, гагцхүү батлан хамгаалах шинж чанартай" хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин мэдэгджээ.
Фомины өгүүлснээр, сургуулилалтын үеэр Орос, Хятадын хөлөг онгоцууд Япон тэнгист хамтарсан сургуулилалт хийх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |