ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэхийг тушааснаар хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын арми хөрш оронруугаа халдаж, өнөөгийн дайн эхэлснээр ням гарагт 179 дэх өдрөө үргэлжиллээ. Энэ хугацаанд Оросын цэргүүд суурин газруудыг эзлэх оролдлого үргэлжлүүлж, Украины Зэвсэгт хүчин нутаг дэвсгэрээ хамгаалахаар хариу цохилт өгсөөр байна.
Зеленский анхааруулга өгөв
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш өдөр бүр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж байгаа юм. Тэрбээр ням гарагт хийсэн мэдэгдэлдээ ямар нөхцөлд хоёр тал хэлэлцээ хийх боломжгүй болох талаар мэдэгджээ.
Тодруулбал, Мариуполь хотоос олзлогдсон Украины цэргүүдийг өөрсдийгөө тунхагласан Донецкийн Бүгд Найрамдах улсад шүүхээр оруулвал Оростой ямар ч төрлийн хэлэлцээ хийхгүй, энэ бол Украины талын хатуу шийдвэр хэмээн Зеленский цохон тэмдэглэжээ.
“Донецкийн Бүгд Найрамдах Улс Мариуполийн олзны цэргүүдийг шүүвэл аливаа хэлэлцээ хийх ямар ч боломж үлдэхгүй. Орос улс өөрийгөө хэлэлцээрээс тусгаарлах шугам нь энэ болно. Цаашид ямар ч яриа хэлэлцээ болохгүй. Манай улс бүгдийг хэллээ” хэмээн Зеленский мэдэгджээ.
Оросын цэргүүд Мариупольд хяналтаа тогтоосон бөгөөд энд Азовсталь үйлдвэрт хоргодож, хамгаалж байсан Украины цэргүүдийг олзлон авсны дараа тэдэнд ял тулгахаар болсон юм.
Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, Оросын тал олзлогдсон цэргүүдийг есдүгээр сард шүүхээр төлөвлөж байгаа, үүнийгээ олны өмнө гүйцэтгэхээр зэхэж байгаа гэнэ.
"Шуурхай! Мариуполь дахь эзлэн түрэмгийлэгчид Украины хамгаалагчдыг шүүхээр төлөвлөж байна. Тэд Мариуполийн филармонийн тайзан дээр шоронгийн тор угсарч байна. Арматурын диаметр нь 20 мм. Эзлэн түрэмгийлэгчид есдүгээр сард олны өмнө тэднийг шүүхээр зэхэж байна” хэмээн Мариуполь хотын дарга Вадим Бойченко мэдэгдээд, дэлхий дахин хандан Оросыг ээлжит цэргийн гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоохыг уриалж байлаа.
Подоляк: Орос бие бүрэлдэхүүний хомстолд орсон
Өнгөрсөн хоногт, хэлэлцээрийн талаар ам нээсэн өөр нэг хүн нь Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк байлаа. Тэрбээр Орос улс цэргийн бие бүрэлдэхүүний хямралд орсон тул хэлэлцээ хийхийг гуйна хэмээн мэдэгджээ.
“ОХУ цэргийн бие бүрэлдэхүүний гүн хямралд орсон. Дайчилгаа зарлаж болохгүй, учир нь “хаан нүцгэн байгаа”. Харин сайн дурын цэргүүдийг гэрэлтэй өдөр лаа барьж яваад ч олохгүй. Өр зээлтэй хүмүүс, хоригдлууд, хамгаалагчид л дасйнд явж байгаа. Эндээс харахад тун удахгүй хэлэлцээ хийх санал олноор гарч ирнэ” хэмээн Подоляк мэдэгджээ.
ОХУ, Украины хэлэлцээ
Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойших тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу талуудын анхны хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэр дээр болсон юм. Москвагийн талаас ирсэн төлөөлөгчдийг Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий нар багтсан юм.
Харин Киевийн талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия, Батлан хамгаалахын сайд Андрей Резников, Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк нар Украиныг төлөөлж байлаа.
Хоёр дахь шатны хэлэлцээ гуравдугаар сарын гуравны өдөр мөн л Беларусийн нутаг дэвсгэр дээр болж талууд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцсон юм. Харин гуравдугаар сарын долооны өдөр Беловежийн төгөлд болсон гурав дахь шатны хэлэлцээгээр талууд мөн л үр дүнд хүрээгүй, хүмүүнлэгийн коридор байгуулах тал дээр багахан ахиц гарсан гэж мэдээлж байлаа.
Энэ үеэр Турк улс санаачилгыг гартаа авч, гуравдугаар сарын 10-ны өдөр Анталья хотод Украин, Оросын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулсан юм. Гэсэн ч энэ хэлэлцээ мөн л үр дүнд хүрээгүй.
Г.Бямбасүрэн