Хятадын арми Тайвань руу довтлох сургуулилалт хийжээ
2022-08-08

Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг БНХАУ энэ аралтай аливаа хэлбэрээр харилцаа тогтоох гэсэн АНУ-ын оролдлогыг ихээхэн шүүмжилж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг хэмээн буруутгадаг юм. Түүнчлэн "эрт орой хэзээ нэгэн цагт Тайвань эх газрын Хятадад нэгдэнэ, үүний тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэх аргагүй" гэх мэдэгдэл удаа дараа хийж байлаа. Харин Тайванийн эрх баригчид өөрсдийгөө "тусгаар орон" хэмээн үзэж, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэхээ илэрхийлдэг. Энэ хоёр орны сөргөлдөөнтэй байдал АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар улам хурцадсан юм. 

 

Пелосигийн айлчлалыг эсэргүүцсэн БНХАУ Тайванийг тойрон өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт эхлүүлсэн. Энэ сургуулилалтын явцад Хятадын арми арал руу довтлох бэлтгэл хийсэн гэж Тайванийн эрх баригчид БНХАУ-ыг буруутгажээ. АНУ ч мөн Тайванийг дэмжиж, БНХАУ-ыг өдөөн хатгасан, бодлогогүй үйлдэл хийсэн хэмээн буруутгасан байна. 

 

Ийнхүү АНУ, Тайвань мэдэгдэл хийсний дараа Хятадын  хэвлэлүүд албан ёсны эх сурвалжтайгаар мэдээлэл дамжуулахдаа "Хятадын арми өмнө нь Тайвань болон эх газрын Хятадын хооронд албан бус усан хил байсан дундын шугамын "Тайвань" талаас цэргийн сургуулилалтыг байнга хийнэ" хэмээн онцолжээ. Тэр дундаа, энэ бүсэд сургуулилалтыг тогтмол хийнэ, дундын шугам нь Америкийн цэргүүд өнгөрсөн зуунд бодож олсон "төсөөллийн шугам" хэмээн Хятадын төрийн төв телевиз мэдээлсэн байна.

 

"Арлыг эзлэх бэлтгэл"

Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, амралтын өдрүүдэд Хятадын хөлөг онгоц болон нисэх онгоцууд Тайванийн хоолойд сургуулилалт хийж, зарим тохиолдолд дундын шугамыг давж байсан гэнэ. Мөн энэхүү сургуулилалтын үеэр Тайванийн эрэг орчимд 10 гаруй баллистик пуужин харважээ.

 

Тайванийн эрх баригчид энэ үйлдлийг "арлыг эзлэх бэлтгэл" хэмээн нэрлэж, хариу өгөх үүднээс ням гарагийн өглөө онгоц, байлдааны хөлөг онгоцоо хөдөлгөсөн байна. 

 

Тайванийн Ерөнхий сайд Су Жэньчан цэргийн сургуулилалтыг бүс нутаг дахь тогтвортой байдлыг алдагдуулах зорилгоор ашигласан хэмээн Хятад улсыг буруутгаж, тогтвортой байдалд уриалжээ. Хятадын цэргийн сургуулилалтыг Тайвань ийнхүү буруутгасныг АНУ ч дэмжсэн байна.

 

"Хятадын эдгээр үйлдэл нь өдөөн хатгасан, бодлогогүй, алдаа гаргах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ нь Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг дэмжих манай урт хугацааны зорилготой харшилдаж байгаа юм" хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.

 

Харин Хятадын тал Нэнси Пелоси айлчилснаар Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд заналхийлсэн хэмээн үзэж байгаа юм. БНХАУ Тайванийг эрт орой хэзээ нэгэн цагт Хятадын бүрэлдэхүүнд орох ёстой, нутаг дэвсгэрийнх нь нэгээхэн хэсэг гэж үздэг. Харин Тайвань ардчилсан засаглалтай бөгөөд гагцхүү арлын ард түмэн л Тайванийн хувь заяаг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байдаг юм.

 

Гэсэн ч дэлхийн улс орнуудын зүгээс Тайванийн тусгаар тогтнолыг дэмжих аливаа шинж тэмдэг гарах бүрийд БНХАУ эрс буруушаан, хариу арга хэмжээ авдаг. Хамгийн сүүлд гэхэд л, Тайваньд хийсэн Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотойгоор БНХАУ АНУ-тай хэд хэдэн салбарт хамтран ажиллахаа зогсоож, Нэнси Пелоси болон түүний гэр бүлийнхний эсрэг хориг арга хэмжээ авчээ. 

 

Энд дуулгахад, Нэнси Пелоси сүүлийн 25 жилд Тайвань аралд зочилсон Америкийн хамгийн өндөр албан тушаалтан болсон юм. БНХАУ энэ айлчлалыг эсэргүүцэн, сүрдүүлж, Ерөнхийлөгч Байден Пелосигийн энэ алхмыг дэмжээгүй хэдий ч Пелоси өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн үдэш Тайбэйд газардан, лхагва гарагийн өглөө парламентад зочилж байлаа. Тэрбээр парламентад үг хэлэхдээ Тайванийн нийгмийг "дэлхийн хамгийн эрх чөлөөт нийгмүүдийн нэг" хэмээн нэрлээж, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэхийн тулд Тайваньтай парламент хоорондын харилцааг өргөжүүлэхийг уриалсан юм.

 

Пелоси Хятадын удирдлагуудыг шүүмжилдэг гэдгээрээ алдартай. Тэр дундаа хүний эрхийн асуудал дээр тэрбээр БНХАУ-ыг ихээхэн буруутгадаг юм. 1991 онд Пелоси Конгрессын гишүүн байхдаа Бээжинд очиж, Тяньаньмэнийн талбай дээр "Хятадын ардчиллын төлөө амиа алдсан хүн бүрийг дурсаж байна" гэсэн хуудас барин зогсож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин