Төмс хүнсний ногооны үнэ ихээр нэмэгдэж иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. Тэгвэл сүүлийн өдрүүдэд төмсний нийлүүлэлт хэвийн болж, ногооны үнэ тодорхой хэмжээгээр буурсан гэсэн яриа олон нийтийн сүлжээнд түгээд буй.
Бодит байдал дээр үнийг хөөргөдөл намжсан эсэхийг тодруулахаар бид “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Ногооны тасаг бүр шинэ ургацын төмс, ногоог шуудайгаар нь хураасан байлаа.
“Бөмбөгөр” худалдааны төвийн ногооны тасгийн худалдагч Л.Шагай: Шинэ ургацын ногоонууд хураагдаад эхэлсэн тул төмс ногооны үнэ харьцангуй буурч эхэлсэн.
Бид үнийн хөөргөдлийг нэмэгдүүлэхгүйн тулд ченжүүдээс биш аль болох тариаланчдаас ногоогоо шууд авахыг хичээж байна. Нийлүүлэлт багасаж, нөөцгүй болох тусам бага хэмжээгээр хураагдаж байсан төмс, хүнсний ногоонуудыг ченжүүд худалдан авч дамлан зарснаас үнийн хөөргөдөл үүсэх шалтгаан боллоо. Гэхдээ энэ бол түр зуурын хөөргөдөл. Шинэ ургац хураагдаад, нийлүүлэлт хэвийн болохоор одоо зарагдаж байгаа үнэ хэд дахин бууна” гэж хэллээ.
“Бөмбөгөр” худалдааны төвийн ногооны тасгийн худалдагч Б.Янжиндулам: Нийлүүлэлт хэвийн болж байна. Өчигдөр гэхэд төмс кг нь 5 000 төгрөг байсан бол өнөөдөр харьцангуй буурсан.
Өнөөдрийн байдлаар кг төмсний үнэ 4 500, нэг шуудай нь буюу 40 кг нь 180 000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Лууван кг нь 4 000, байцаа кг нь 2 500, монгол сонгино кг нь 4 500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Олон нийтийн сүлжээ болон 3 500, 3 000 төгрөг болж буурсан гэдэг зүйл бол худлаа. Манай худалдааны төвд хүнсний ногоо борлуулж буй бүх тасаг адил үнэтэй байгаа” гэсэн хариултыг өглөө.
Харин “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна, явган хүний зам дунд байрлах хувийн худалдаачнаас үнийн талаар тодруулахад нэг кг төмсний үнэ 3500 төгрөгөөр борлуулж байлаа. Учир нь гэвэл худалдааны төв дотор борлуулснаас гадаа зарж, борлуулсан нь түрээснээс эхлээд олон зардал хэмнэдэг. Түүнээс гадна өнгөрч буй үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд худалдааны төвд борлуулагдаж байгаа үнээс хямд үнээр борлуулж байгаа гэж ярьж байлаа.
Б.Намуунзаяа
Уншиж байна |