Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ хөрш оронруугаа халдсанаас хойш олон улс Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж эхэлсний дээр дэлхийн брэндүүд энэ улсын зах зээлийг орхин гарсаар байгаа юм. Энэ удаад Coca-Cola Оросын зах зээлийг нэг мөр орхихоор болсноо зарлажээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, Coca-Cola компани цаашид Орост ундаа үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа явуулахгүй гэнэ. Ингэснээр Coca-Cola, Fanta, Sprite, Burn хийжүүлсэн ундаанууд төдийгүй BonAqua ус, "Добрый", "Моя семья", "Rich" шүүснүүд ч Орост үйлдвэрлэгдэхгүй, мөн худалдаалагдахгүй аж.
Компанийн мэдэгдсэнээр, дистрибьютерүүд одоо бүтээгдэхүүний нөөцийг борлуулж байгаа гэнэ. Нөөц дууссанаар Кока-Кола брэндийн ямар ч ундаа Орост зарагдахгүй юм байна.
Энд дуулгахад, Кока-Кола компани Орос дахь бизнесээ зогсоож байгаа талаараа гуравдугаар сард зарлаж байлаа. Энэ нь Орос Украин руу халдсантай холбоотой юм. Тухайн үед Кока-Кола компанийн тэргүүн Жеймс Куинси мэдэгдэл хийхдээ дэлхийн алдарт энэ компани Оросын зах зээлээс нэг мөр гарч болзошгүй хэмээж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |