Олон нийтийн сүлжээгээр өчигдөр тархсан машин ачигчид болон машины эзэн залуусын хоорондын зодооны бичлэгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Т.Батбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар, тээврийн цагдаагийн байгууллагын удирдлагууд үзсэн нь мэдээж. Бүлэг зодоон тэнд үүсгэж, уурссан залуус нэгнээ алахаас наагуур байсан. Машин ачилттай холбоотой хэрүүл маргаан, зодоон өдөр алгасахгүй болдог гэхэд хилсдэхгүй. Машины эзэн гарч ирээгүй тохиолдолд маш богино хугацаанд хулгайлаад аваад явчихаж болж байна. Харин ачиж байх хооронд машины эзэн гараад ирвэл асуудал хэрүүл маргаан, зодооноор өндөрлөнө.
Энэ асуудал хэзээ цэгцрэх вэ, хуульзүйн сайд аа, хотын дарга аа! Нэг л өдөр машин ачилтаас болж, хүний амь нас хохирвол хэн хариуцлага хүлээх вэ? Зах замбараагүй, дүрэм журамгүй, ёсзүйгүй ачигч компани болон тэдний ажилчид уу? Эсвэл хуулиас дээгүүр үйл ажиллагааг харсаар байж үргэлжлүүлсээр байгаа хуульзүйн сайд, хотын дарга та бүхэн үү?
Машин ачилтын дүрэм журам Хуульзүй, дотоод хэргийн сайд, НИТХ, Хотын даргад хамаатай. Тэдний шат дараалан гаргасан тушаал, тогтоол, шийдвэрийн дагуу машин ачилтын 14 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэл ачиж зөөдөг. Гэхдээ аль хэдийнэ хараа хяналтаас гарч, ямар ч хууль журамгүй улсад ажиллаж буй мэт авирладаг болоод удлаа. Ачилтын төлбөрөөс хэдэн төгрөгийн хувь авахын тулд ачигч залуус хүн алахаас наагуур байна. Эмэгтэй, ахмад настай жолооч нарыг бол дээрэлхэж, хэл амаар элдэвлэж байгаад машиныг нь аваад явж байна. Харин эрчүүд, залуус бол зүгээр зогсож байгаад машинаа өгч явуулахгүй. Эндээс зодоон үүсгэж, эцэстээ хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарах вий!
Монголын төр иргэнээ зовоож, яс махыг нь янгинуулж байж шийдвэр гаргаж, асуудлыг цэгцэлдэг. Ямар сайндаа л эцэг эхчүүд өвчтэй хүүхдээ тэврээд Төрийн ордны үүдэнд ирэхэв. Тэдэнд асуудал байгааг төрийнхөн, Эрүүл мэндийн яамныхан мэдэж байсан. Гэвч шийдээгүй учраас тэд аргаа барж, өвчтэй хүүхдээ тэврээд уйлах нь уйлж, уурлах нь уурласны дараа асуудлыг шийдлээ. Харин одоо машин ачилт, яг л ийм байдал руу түлхэж байна. Машин ачилтын үйл ажиллагаанд асуудал байгааг хэн хүнгүй мэдэж байна. Сайд, дарга нар нүдээ боож, чихээ бөглөчихөөгүй л бол энэ асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлага байгааг харж буй. Удаа дараа асуудал үүссээр байхад цэгцлэхгүй байгааг бол эс үйлдэхүй гэхээс өөрцгүй. Энэ бүхэн даамжирсаар хүний аминд хүрсэний дараа хашгирах уу, Х.Нямбаатар сайд аа, Д.Сумъяабазар дарга аа!
Заавал иргэний өвдөлт, үхлийн дараа асуудлыг шийдэх гээд хүлээгээд байгаа хэрэг үү?
Замын хөдөлгөөн, түгжрэлийг шийдэхийн тулд ачилт байж болно, хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ үйл ажиллагаа яагаад хууль ёс, хүний ёсны дагуу явагддаггүй юм бэ. Монгол Улс дүрэм журамтай, тэр бүхэн яагаад ачилтын компани, ачигч нарт үйлчилддэггүй юм бэ. Хэн нэгний давуу эрх, илүү их ашиг хонжоо хүний эрүүл мэнд, аминаас үнэтэй юм гэж үү?
Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай. Хүн амын тоогоороо бол дэлхий метрополис хот. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төлөвлөгөөгөөр бол 2030 онд метрополитан хот болох зорилготой. Гэхдээ наад захын үйлчилгээгээ шийдэж чадахгүй байгаа төр засаг, хотын энэ зорилго мөрөөдөл болон замхрах нь ойлгомжтой. Ядаж л иргэндээ ээлтэй үйлчилгээ бий болгож байж дэлхийн өндөр хөгжилтэй хотын тоонд орно. Өндөр зам, өндөр байшингаар хөгжил хэмжигдэхээ болиод удаж байгааг эрхбиш мэдэх байлгүй, энэ дарга нар.
Б.Хэрлэн