Хүн бүр өөр. Зарим нь өндөр, зарим нь намхан, зарим нь бор, зарим нь шар. Гадаад үзэмжээрээ бид ийнхүү ялгарахын дээр эрүүл мэндээрээ ч ялгаатай байдаг. Хүн бүр өвчин тусдаг, зарим нь хурдан эдгэрдэг бол зарим нь насаараа эдгэрэхгүй байх нь ч бий. Чухамхүү ийн насаараа эдгэрэхэд хүндрэлтэй хүмүүсийг “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” хэмээн нэрийднэ. Тэд эрүүл мэндийн шалтгаанаас өөр бусдаас ялгарах зүйлгүй. Тэднийг өрөвдөх, бас адлах, гадуурхах ч шаардлагагүй. Учир нь тэд бүхий л салбарт амжилт гаргадаг. Тэдний нэг, онцлогтой хүү болох Б.Тамир багшийн хамт манай редакциар зочилсон юм.
Онцлогтой тамирчин ирэх сургаар түүнтэй юу ярилцах, хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй хэсэг самгардав. Онцлогтой хүүхдүүдийн талаар ямар ч ойлголтгүй байсан нь тэр. Ийн гайхаж зогсох зуур нүдээрээ инээсэн, дуу шуутай, үсээ сорлож, дэгжин засуулсан өсвөр насны хүү инээмсэглэн мэндэллээ. Түүнийг Буянхишигийн Б.Тамир гэдэг. Нийслэлийн 63 дугаар сургуулийн VIII ангийн сурагч. Саяхан “Боломжийг бүгдэд” төслийн хүрээнд Дорнод аймагт болж өнгөрсөн арга хэмжээнд багш Б.Ганболдын хамт оролцож, үзүүлэх тоглолт үзүүлжээ.
SHUUD.mn: Тамир аа, чи ямар спортоор хичээллэдэг вэ?
Б.Тамир: Бочи, хоккей бас волейбол.
Багш Б.Ганболд: Бочи гэж эрүүл болон хөгжлийн бэрхшээлтэй ямар ч хүн хичээллэж болдог, сууж, босож тоглож болдог спорт. Ямар ч насны хүн тоглож болно. Заавал нас, биеийн онцлог заадаггүй, хүртээмжтэй спорт л доо.
-Тамир аа, чи өмнө нь энгийн сургуульд сурдаг байсан гэж ярьсан. Яагаад шилжих болов, шинэ сургуулийн юу нь сайхан байна?
Б.Тамир: Би өмнө нь Лүн суманд сурдаг байсан. Энгийн сургуульд сурахад хэцүү байсан, заасан хичээлийг мартана, шалгалт өгөхөд хэцүү.
Гэхдээ багш нар маань намайг ойлгодог байсан. Лүн суманд сурч байхад ангидаа их олон хүүхэдтэй байсан юм. Тэгээд ээж аав маань намайг энэ сургуульд оруулсан. Өмнө нь хамт тоглох хүүхэд байдаггүй байсан.
Багш Б.Ганболд: Энгийн сургуульд олон хүүхэдтэй болохоор онцлогтой хүүхэдтэй тэр бүр тулж ажиллаад байх боломжгүй учраас ээж аав нь манай сургууль руу шилжүүлэх шийдвэр гаргасан юм билээ. Манай сургууль 12-15 хүүхдийг нэг ангидаа сургах журамтай. Ингэж байж л хүүхэд бүртэй тулж ажиллах боломж гардаг юм.
-Энэ ангидаа шилжиж ирээд найзуудтай болсон уу?
Б.Тамир: Болсон. Зургаан найзтай болсон, биш ээ найман найзтай болсон юм байна. Ангийнхаа охидтой бас хөвгүүдтэй найзалдаг.
-Сургуульдаа явахад бэрхшээл гардаг уу?
Б.Тамир: Манай гэр “Таван богд”-ын тэнд байдаг. Ганцаараа л хичээлдээ явчихдаг юм. Заримдаа буудлаа цээжлэхэд их хэцүү, мартчихна. Нэг удаа автобусанд унтаад “Тэмээтэй хөшөө”-ний тэнд очоод сэрсэн. Гэрээсээ холдож сэрснээ мэдээд, буугаад буцаад л алхсан даа.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болъё гэж боддог вэ?
Б.Тамир: Мужаан болно. Хичээл дээрээ модоор зөндөө юм хийсэн. Би хос хун хийж байсан.
Багш Б.Ганболд: Онцлогтой хүүхдүүдэд амьдрах дадал олгох үүднээс манай сургууль технологийн хичээл түлхүү ордог юм. Долоо хоногт 8-10 цаг орно. Охид, хөвгүүдийг гарын дүйтэй болгоно, төгсөөд тэд энэ чиглэлээрээ их явдаг.
-Тамир аа, ямар хөгжимд дуртай вэ? Монголоос ямар хамтлаг дуучин сонсож байна?
Б.Тамир: Отгонбаяр, Болд, Укаг сонсдог. Тэдний дуу их гоё.
-Чи багш байсан бол хүүхдүүдэд ямар хичээл заах байсан бэ?
Б.Тамир: Монгол хэл, математик, технологи заана.
- Яагаад заавал энэ хичээлүүдийг заах юм?
Б.Тамир: Монгол хүн монгол хэлээ мэддэг байх ёстой. Чухал хичээл.
- Чи монгол хэлэндээ хэр байна?
Б.Тамир: Гайгүй ээ, гэхдээ уншихдаа жаахан тааруу.
- Ээж аав нь чамайг том болохоороо ямар хүн болоорой гэж захиж байна?
Б.Тамир: Ээж аав маань намайг өөрийнхөө хүссэнээрээ л амьдраарай гэж хэлдэг.
- Чи том болоод аав болно. Хүүхдүүддээ юу захих вэ?
Б.Тамир: Би аав болохоороо хүүхдүүддээ монгол хэл сайн сураарай гэж хэлнэ. Бас спортоор хичээллэх ёстой гэж хэлж өгнө.
Спортоор хичээллэхээр хүүхдүүд эрүүл саруул байна шүү дээ.
- Сүүлийн сонин хачнаасаа хуваалцаач. Дорнодод болсон арга хэмжээнд оролцсон гэсэн
Б.Тамир: Дорнодод очиж, үзүүлэх тоглолт үзүүлсэн.
Багш Б.Ганболд: “Боломжийг бүгдэд” төслийн хүрээнд сургалт, арга хэмжээ Зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг хамруулан гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод болсон. Төслийн багийнхны хувьд орон нутагт амьдардаг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спорт, сургалтаар дамжуулж хөгжүүлэх, тэдгээрийг нийгэмшүүлэх, нийгэмд зөв хандлага бий болгохыг зорилготой. Энэ цогц арга хэмжээний Дорнодод болсон арга хэмжээнд бид хоёр оролцоод ирсэн.
Энэ бол хүүхэд залуус спортоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлэх маш их ач холбогдолтой арга хэмжээ болсон.
- Онцлогтой хүүхдүүдийг хөгжүүлэх зорилготой арга хэмжээ зохион байгуулахад хүндрэл их гардаг л байх даа?
Багш Б.Ганболд: Ямар ч хүүхдэд тэмүүлэл хэрэгтэй байдаг. Одоо би хүүхдүүдээ бэлтгээд л тэд өдөр болгон бэлтгээд л байдаг. Яг юуны төлөө бэлтгэл хийгээд байна гэдгээ хүүхдүүд мэдэж байвал илүү тэмүүлэл, илүү хүсэл сонирхол төрдөг. Тиймээс л уралдаан тэмцээн хэрэгтэй.
Харамсалтай нь энгийн сургуулиудын хувьд спортын уралдаан тэмцээний төлөвлөгөөг жилийн эхнээс гаргаад л мөрдөж, хаа сайгүй явуулдаг бол онцлогтой хүүхдүүдийг хамруулах уралдаан тэмцээнийг хайхралгүй орхидог. Бид өөрсдөө л гүйж, гуйж царайчилж байж тэмцээн зохиох болно. Тэмцээнээ зохиох гэхээр мэдээж төсөв мөнгө хэрэг болно. Тэр нь бидэнд хаанаас байх вэ дээ. Дахиад л ивээн тэтгэгч байгууллага хайж гүйнэ.
- Байгууллагууд онцлогтой хүүхдүүдийг дэмжих тал дээр хэр идэвхтэй байдаг вэ?
Багш Б.Ганболд: Ер нь л хэцүү дээ. За, ийм хүүхдүүдэд зориулсан тэмцээн явуулах гээд дэмжлэг хүсээд байгууллагуудад хандахад “за тэгье” гээд шууд дугарчих газар бараг байдаггүй байлаа. Заавал нэг танил тал, нөлөөтэй хүмүүсээр хэлүүлнэ, тэгэж байж л бүтдэг хандлага олон жил байсан. Энгийн хүмүүсийн спортын арга хэмжээ зохион байгуулахад ямар олон байгууллага ивээн тэтгэж, өөрсдийн нэрийг зарлуулахын тулд яаж уралддаг билээ дээ. Гэтэл манайд тийм дэмжлэг байдаггүй байсан. Харин сүүлийн үед байдал өөрчлөгдөх тийшээ хандаж байна. Монголын Тусгай олимпын хороо энэ ажлыг идэвхтэй зохион байгуулж, "Боломжийг бүгдэд" төслийн хүрээнд том компаниуд болон төрийн байгууллагууд, тэр дундаа яам энэ ажил дээр уялдаа холбоотой ажиллаж, онцлогтой хүүхдүүд, тамирчдыг дэмжих ажилд оролцож эхэлж байгаа нь сайн жишиг тогтоох байх гэж найдаж байгаа юм.
- Хүмүүсийн ойлголт тааруу байх шиг байна аа даа, тийм үү?
Багш Б.Ганболд: Тийм ээ, ойлголт сул. Мэддэггүй. Дээр нь нийгэмд ялгаварлан гадуурхах үзэгдэл асар их.
Оюуны болон бусад төрлийн бэрхшээлтэй, онцлогтой хүүхэд, залуусыг бидний л адил хүн гэж харж чаддаггүй. Гэтэл эд маань спортоор хичээллэнэ, олон улсад амжилт гаргана. Эрүүл саруул хэрнээ спортоор хичээллэж чаддаггүй, авьяасгүй хүмүүс ч зөндөө байдаг шүү дээ.
Гэтэл энэ хүүхдүүд маань бүх бэрхшээл, үл хайхарсан хандлагыг даваад олон улсад нэрээ дуурсгаж байдаг. Гэтэл тэдний талаар хэн ч мэддэггүй. Ялангуяа хэвлэл мэдээллээр онцлогтой тамирчдын тэмцээн уралдаан, тэдний амжилтын талаар ярьдаггүй. Ингэж түгээж дэлгэрүүлэхгүй болохоор хүмүүс сайн ойлгохгүй байх нь ч аргагүй юм. Ази, дэлхийн аварга гээд төрөл бүрийн тэмцээн болоход зурагтаар ч бусад хэвлэлээр ч яаж гардаг билээ дээ. Гэтэл онцлогтой тамирчдын талаар огт ярьдаггүй. Харин энэ жилийн нэгдүгээр сард 15 спортын холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн болж, хоёр долоо хоногийн турш энэ үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулсан нь үзэгчдэд энэ төрлийн арга хэмжээг хүргэсэн анхны тохиолдол болсон. Цаашид энэ жишгийг дагаж бусад төр, хувийн хэвшлийнхэн бидэнд дэмжлэг үзүүлнэ, тэр хэрээр онцлогтой хүүхдүүдийг нийгмийн бүрэн дүүрэн эрх, боломж бүхий гишүүн болоход тусална гэж найдаж байгаа.
Онцлогтой хүүхдүүд бусдад өрөвдүүлж гэртээ суух биш бусадтай адил нийгэмд хөл нийлүүлэн алхах бүрэн боломжтой. Тэдэнд багахан л дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэгийг спортоор дамжуулж өгвөл илүү үр өгөөжтэй байдаг. Хүүхдийн бие бялдар хөгжихийн дээр бусадтай харилцаанд орж байна, хүүхэд бусадтай харилцаж байж л хөгжинө. Тиймээс тэмцээн уралдаан чухал гээд байгаа юм.
- Энгийн хүүхдийг сургах, онцлогтой хүүхдийг сургах мэдээж ялгаатай байж таарна даа
Багш Б.Ганболд: Онцлогтой нэг хүүхэд бэлтгэхэд маш их цаг хугацаа ордог. Эрүүл хүүхдүүдэд нэг хоёр хэлээд сурдаг бол онцлогтой хүүхдүүдэд нэг юмаа байнга давтан хэлж, уйгагүй хамт хичээллэж байж л тодорхой үр дүнд хүрдэг. Энэ хүүхдүүд маань мартана, зарим үед хүлээж авах нь удаан байна гээд, нэг дадал суулгахын тулд маш их хугацаа шаардагддаг.
- Хамтарсан багийн тоглолт болдог гэж сонссон. Энэ ямар учиртай талаар тайлбарлаж өгөөч?
Багш Б.Ганболд: Эрүүл хүүхдүүд онцлогтой хүүхдүүдтэй нэг баг болоод тэмцээнд оролцохоор баг бүрдүүлж байгааг хамтарсан баг гэж байгаа юм. Эрүүл хүүхдүүд бусдаасаа ялгарч тоглохгүйгээр онцлогтой хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэн, хамтдаа багаар ажиллана гэсэн үг.
- Хамтарсан багийн тоглолт тэгэхээр зөвхөн онцлогтой хүүхдүүдэд дэмжлэг болоод зогсохгүй эрүүл хүүхдүүдэд өөр ялгаатай, онцлогтой хүүхдүүд байдаг, тэднийг бусадтай адил хүлээж авах ёстой гэдэг ойлголтыг өгдөг байх нь ээ?
Багш Б.Ганболд: Тийм ээ, яг энэ талаасаа маш их ач холбогдолтой. Энгийн хүүхдүүдтэй хамтарч спортоор хичээллэсэн онцлогтой хүүхдүүдийн чадвар сайжирна, тэдний хооронд холбоо харилцаа үүснэ. Хамтарсан багийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх 2017 онд зохион байгуулагдаж байсан. Дараа нь цар тахлын улмаас зохион байгуулах боломжгүй болсон юм.
Энэ хамтарсан багийн тоглолт зохион байгуулснаар онцлогтой хүүхдүүд маань ч гэсэн ингэж тоглож чаддаг, бөмбөг дамжуулж чадна, давуулж чадна гэдгийг бусдад харуулдаг. Хамгийн гол ач холбогдол нь онцлогтой хүүхдүүдээ тэгш оролцоогоор хангахын дээр эрүүл хүүхдүүдийн ойлголтын зөрүүг арилгах, тэдэнд онцлогтой хүн гэж бий, гэхдээ туд бусдаас юугаараа ч ялгарахгүй, нийгэмд ижил тэгш оролцох эрхтэй хүмүүс юм шүү гэдгийг харуулах явдал юм.
Ийм тэмцээн уралдаанд онцлогтой хүүхдүүдтэй хамтран оролцсон эрүүл хүүхдүүд бусдадаа ч нөлөөлж, нийгэмд одоо байгаа ялгаварлан гадуурхалтыг арилгахад тус нэмэр болно гэж бид найддаг.
SHUUD.mn: Биднийг ийн ярилцах зуур Б.Тамир хүү байсхийгээд л савтай үзэмний шүүс ууна. Сүүлдээ саваа сэгсэрч, үзмийг нь идэх гэж ч оролдоно. Гэнэт дуу алдаж, “Өө би чинь ээждээ үлдээлгүй дуусгачихлаа даа” гэж харамсангуй өгүүлэх тэр бусдын л адил ээжийгээ хайрладаг, ээж аавдаа санаа тавьдаг өсвөр насны хүү. Түүнд харин нэг онцлог, бусдаас ялгаатай чанар бий. Тэр зарим нэг эрүүл хүн шиг залхуурч суусангүй, багшийнхаа, ээж аавынхаа дэмжлэгээр спортоор хичээллэж, олон улсын уралдаан тэмцээнд ч нэрээ дуурсгаж явна.
Б.Тамирт боломж олгосон, онцлогтой хүүхдийг сургах үйлсэд 10 гаруй жил зүтгэж яваа багш Б.Ганболд, Тусгай олимпын хороо, “Боломжийг бүгдэд төсөл”-ийг энд дурдахгүй байхын аргагүй. Монголын Тусгай Олимпын хороо, Улаанбаатар Ротари Клуб, Мобиком Корпораци ХХК хамтран “Боломжийг бүгдэд” төслийг хэрэгжүүлж байгаа аж.
"Хэнийг ч ардаа үлдээхгүй" уриатай Монголын Тусгай Олимпын хорооны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа энэхүү төсөл арга хэмжээ нь Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгэмшүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн халамжийн мэргэжилтэн, багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, бие биеэсээ туршлага судалж, Ирээдүйн Тусгай Олимпын тамирчдыг бэлтгэх зэрэг олон талын зорилго, ач холбогдолтой аж. “Боломжийг бүгдэд” төсөл говийн бүсээс гараагаа эхэлж, говийн бүсийн дөрвөн аймаг болох Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийг хамарсан үйл ажиллагаа 2022 оны гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгадад хотод амжилттай зохион байгуулагдсан. Боломжийг бүгдэд олгосон энэхүү сургалт, арга хэмжээ Зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг хамруулан гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай болж өнгөржээ. Төслийн багийнхан орон нутагт амьдардаг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спорт, сургалтаар дамжуулж хөгжүүлэх, тэдгээрийг нийгэмшүүлэх, нийгэмд зөв хандлага бий болгохыг ийнхүү зорьсон байна.
“Боломжийг Бүгдэд” сургалт, арга хэмжээнд дээрх аймгуудын нийгэм халамжийн мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хариуцсан нийгмийн ажилтан, тусгай сургуулийн багш нар, оюуны бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид гээд нийт 250 гаруй хүн хамрагдаж хоёр өдрийг эцэг эх, багш нар мэдлэг мэдээлэл олж авсан бол хүүхэд залуус спортоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлж, инээд хөөр аз жаргалаар дүүрэн өнгөрүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд Хангайн болон төвийн бүсийг зорихоор төлөвлөж байгаа аж. Тиймээс хүртээмжтэй нийгмийг бий болгох энэ үйлсэд хүн бүрийн оролцоо чухал тул хувь хүн, албан байгууллага дэмжин оролцохыг уриалж байна.
Г.Бямбасүрэн