Камила олимпод үлдсэн ч хэрэг бүрэн шийдэгдтэл медаль гардахгүй

img

Бээжин хотноо үргэлжилж буй өвлийн олимпын наадмын үеэр дэгдсэн хамгийн том дуулиан нь Оросын уран гулгагч Камила Валиевтай холбоотой байлаа. Тэрбээр багийнхныхаа хамт уран гулгалтын багийн төрөлд нэгдүгээр байр эзэлсэн ч шагнал гардуулах ёслол тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсоор, улмаар багийн нэг гишүүн допинг сорьцод бүдэрсний улмаас медаль гардуулахгүй байгаа гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. 

 

Тун удалгүй, "сорьцод бүдэрсэн" гэх хүн нь Бээжингийн дэвжээнд од болон гялалзаж, дэлхий нийтийн анхаарлыг татсан Камила Валиева болж таарав. Түүнээс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оросын АШТ-ий үеэр авсан сорьцод триметидазин гэх бодис илэрчээ. Ингээд Камилаг олимпоос хасах асуудлыг Олон улсын олимпын хороо, Тэшүүрчдийн холбоо гаргаж, хэргийг Спортын арбитрын шүүх шийдэхээр болсон юм. 

 

Камила олимпод үлдэнэ, гэхдээ...

 

Хоёрдугаар сарын 13-ны өдөр Спортын арбитрын шүүх шөнө дунд хүртэл хуралдан, энэ хэргийг шийдвэрлэснээр Камила Валиева тэмцээндээ үлдэхээр болсон юм. Тодруулбал, Спортын арбитрын шүүх 15 настай уран гулгагч Камила Валиеваг Бээжингийн олимпод үргэлжлүүлэн оролцуулах шийдвэр гаргаж, Валиеваг түр хугацаанд тэмцээнээс хасах ОУОХ, ISU, Допингийн эсрэг агентлагийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгов. 

 

Хэдий тэмцээнд үлдэхээр болсон ч баярлах цаг хараахан ирээгүй бололтой. Энэ шийдвэрийн дараа Олон улсын олимпын хороо хариу мэдэгдэл хийсэн бөгөөд допингийн сорьцны асуудал тусдаа шийдэгдэж, хэрэг бүрэн эцэслэгдэх хүртэл ялагчдын шагналыг гардуулах ёслол зохион байгуулахгүй гэнэ.

 

Тодруулбал, Оросын шигшээ баг алтан медаль хүртсэн уран гулгалтын багийн тэмцээний ялагч, шагналтнуудыг шагнах ёслолыг ОУОХ зохион байгуулахаар төлөвлөөгүй гэнэ. Түүнчлэн Камила Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд медаль хүртсэн ч шагнал гардуулах ёслолыг цуцлах аж. 

 

"Бээжин дэх Өвлийн олимпын үеэр Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шилдэг гуравт үлдвэл цэцэг болон шагнал гардуулах ёслол аль аль нь болохгүй" гэж Олон улсын олимпын хороо мэдэгджээ. 

 

Гэсэн ч тэр үзэгчдийг бишрүүлнэ 

Ийм таагүй мэдээ сонссон ч Камила дасгалжуулагчийн хамт бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна. Түүний оролцох, эмэгтэйчүүдийн хувийн тэмцээн өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр 18.00 цагт эхлэх юм.

 

Казаньд төрсөн татар охины талаарх цөөн мэдээлэл: 

 

Камила Валиева 2006 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Казань хотод төржээ. Тэрбээр Бээжингийн олимпын хамгийн залуу оролцогчдын нэг юм. Анх гурван нас гарантай байхдаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн Валиева 15-хан насандаа   Skate Canada 2021, Rostelecom Cup 2021 гран-пригийн ялагч, Finlandia Trophy 2021 челленжер цувралын ялагч, 2022 оны Оросын аварга, 2021 оны Оросын АШТ-ий мөнгөн медаль, 2020 оны өсвөрийн ДАШТ-ий ялагч, 2019/2020 улирлын өсвөрийн Гран-пригийн ялагч болсон байна. 

 

Тэрбээр богино үзүүлбэртээ 90-ээс дээш оноо, чөлөөт хөтөлбөртөө185-аас дээш оноо, Олон улсын тэшүүрчдийн ивээл дор явагдсан тэмцээнүүдэд 272-оос дээш оноо авсан уран гулгалтын түүхэн дэх анхны ганцаарчилсан гулгагч юм. 

 

Мөн Олон улсын тэшүүрчдийн холбооны ивээл дор явагдсан тэмцээнүүдэд дөрвөл тулуп гүйцэтгэсэн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй уран гулгагч, нэг үзүүлбэртээ гурвал аксель, гурвантаа дөрвөл үсрэлт хийсэн түүхэн дэх хоёр дахь, насанд хүрэгчдийн дундаас анхны уран уран гулгагчид тооцогдож байна. Валиева 2022 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар  Олон улсын тэшүүрчдийн холбооны рейтингэд тавдугаар байр эзлэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Олон улсын олимпын хороо:
гэж үхэж баймаар газар байна аа. Энэ чинь хүүхэд. Зүгээр хүүхэд биш. Гоц авьяастай хүүхэд байна. ОУОХ худлаа газар нь ингээд мэдэгдээд байгаа юм да
2022-02-15