Казахстанд нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдэж, улмаар үүнийг эсэргүүцсэн иргэд нэгдүгээр сарын хоёрны өдрөөс олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. Ингээд Казахстаны эрх баригчид жагсагчдын шаардлагыг хүлээн авч, үнийг бууруулан, Засгийн газраа огцруулж байлаа. Гэсэн ч байдал намжилгүй, эмх замбараагүй байдал, үймээн самуун дэгдсэн юм.
Улмаар Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, тус байгууллагын энхийг сахиулагчид Казахстанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нөхцөл байдал намжсан тул пүрэв гаригаас эхлэн энхийг сахиулагчид Казахстанаас гарахаар болсон байна.
Түүнчлэн нөхцөл байдал намжин, хэвийн байдалд орж байгаа энэ үед Казахстаны шинэ Засгийн газрыг нэгдүгээр сарын 11-ний өдөр томиллоо. Мөн парламентад хэлсэн үгэндээ Касым-Жомарт Токаев хүнд үеийг хамтдаа туулах уриалга гаргажээ. Тэр дундаа Казахстаны чинээлэг иргэдийг санхүүгийн хуримтлалаасаа ард түмэнтэйгээ системтэйгээр хуваалцахыг уриалсан байна.
"Ерөнхийлөгч Елбасы (shuud.mn: Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг хэлж байна) -ийн ачаар манай улсад ашиг орлого сайтай компаниудын групп, олон улсын хэмжүүрээр ч чинээлэгт тооцогдох хүмүүсийн давхарга үүссэн. Эдгээр хүмүүс Казахстаны ард түмэнтэй хуваалцаж, системтэйгээр, байнга туслах цаг нь ирсэн гэж үзэж байна" хэмээн Токаев мэдэгдсэн байна.
Ийнхүү чинээлэг иргэд бусадтай хөрөнгөө хуваалцахад зориулан "Казахстаны ард түмэнд" нэртэй сан байгуулж байгааг Токаев зарлаад энэ сангийн байнгын ивээн тэтгэгчдийг олохыг үүрэг болгожээ.
"Энэ бол Ерөнхийлөгч эсвэл Засгийн газар, өөр нэг төрийн байгууллагын сан биш. Энэ бол бүх казахстанчуудын сан. Энэ бол ард түмний сан. Энэ сан аль нэг захиргаа эсвэл засгийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулахгүй. Нэр хүнд бүхий ажиглах зөвлөлийг байгуулна. Шударга, хариуцлагата удирдлагыг томилно" хэмээн Токаев цохон тэмдэглсэн байна.
Энэ сангийн үйл ажиллагаа нээлттэй, тайлан тооцоо гаргадаг, нийгэм хяналт тавьдаг байх нөхцлийг хангана гэж Токаев мэдэгдсэн байна. Сангийн төлөвлөгөө, төсөв, төслийг тусгай сайтад нийтлэх бол санхүүжилтийг хувийн болон төрийн байгууллагуудаас татах аж. Энэхүү сангийн хөрөнгөд сугалаа эрхэлдэг байгууллага, бүртгэлийн төв болон бусад монополь байгууллагуудаас албан журмаар татаас аван оруулах юм байна.
"Казахстаны ард түмэнд" сан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэмжлэгийн салбар дахь бодит асуудлыг шийдвэрлэх ажлыг хийх гэнэ. Тухайлбал, ховор төрлийн өвчинтэй хүүхдүүдэд туслах бөгөөд "ихэнх хүүхдүүд эмчлүүлэхэд ар гэр нь зардлыг нь дийлдэггүй" хэмээн Ерөнхийлөгч Токаев онцолжээ.
Г.Бямбасүрэн