Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон бүх төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гаргаж, хоёрдугаар сарын 01-ний дотор тухайн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар болсон. Энэ асуудлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.
Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд хэдэн хүн сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албан томилогдсон байна бэ?
-Төрийн албаны зөвлөлийн “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон төрийн албан хаагчийг чөлөөлөх ажлын хэрэгжилтийг хоёрдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд гэж заасан. Хэдийгээр төрийн жинхэнэ албан хаагч биш ч гэсэн ажил алба гүйцэтгэж байгаа хүмүүсийг ажлаас нь чөлөөлөхөд хуулийн дагуу мэдэгдэх ёстой байдаг. Тиймээс хуулийн хүрээнд хугацааг нь тооцож хоёрдугаар сарын 01 гэж тогтсон. Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд 1100 гаруй хүн томилогдсон байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас он дуустал хугацаанд дахин шинэчлэн шалгаж үзвэл өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон 532 хүн байна. Бусад хүмүүс нь ажлаасаа гарсан, хуулийн дагуу шалгалтаа өгч жинхэлсэн байсан.
Бид төрийн 375 байгууллагын 5277 төрийн албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийлээ. Ингээд үзвэл 284 байгууллагын 1112 хүний зөрчил илэрсэн. Үүнд коронавирусийн нэг удаагийн хууль, хөдөлмөрийн гэрээтэй, гэрээгүй хүн байна.
2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албаны шинэ хууль хэрэгжиж, төрийн жинхэнэ албанд зөвхөн шалгалтын үндсэн дээр томилогдох зохицуулалттай юм. Гэхдээ цар тахлын улмаас хууль тогтоогч нар Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр хууль тогтоомжийн дагуу төрийн албаны шалгалтаар төрийн албанд ажилд авах үйл ажиллагаа нь зогсонг болсон. Өөрөөр хэлбэл, шалгалтгүйгээр төрийн албанд томилсон.
Төрийн албанаас 2020 онд зөвлөмж гаргасан. Тодруулбал, нарийн мэргэжлийн ажил албан тушаал, онцлог салбаруудад заавал төрийн албаны шалгалт гэхгүйгээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж болно гэсэн зөвлөмж гаргасан юм. Энэ зөвлөмжийг төрийн байгууллагууд хавтгайруулсан.
Мөн коронавирусийн хууль батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 141 гэдэг тогтоол гаргасан. Коронавирусийн үед төрийн албаны шалгалтыг явуулах зайлшгүй шаардлага гарвал халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, цагдаагийн байгууллагын хяналтад авах зохицуулалт хийж ажилласан. Энэ байдал иргэд олон нийтэд таатай санагдахгүй байгаа.
-Төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд хэдий хугацаанд Төрийн албаны зөвлөлд мэдэгдэж, сонгон шалгаруулалт явуулах ёстой вэ?
-Тогтоолоор гэрээгээр томилогдсон иргэн, албан хаагчийг чөлөөлнө. Чөлөөлсөн талаарх мэдээллээ 2022 оны хоёрдугаар сарын 01 гэхэд Төрийн албаны зөвлөлд эргэн мэдэгдэх ёстой.
Төрийн байгууллагууд сул орон тоо гарахаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан журмын дагуу долоо хоногийг дотор төрийн албаны зөвлөл эсвэл салбар зөвлөлд мэдэгдэж байх ёстой. Аймаг, яам, зарим агентлагт төрийн албаны салбар зөвлөл бий. Төрийн байгууллагууд сул орон тоогоо нөхөх захиалгаа төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд хүргүүлдэг. Ингээд 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгаа Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд ирүүлдэг.
Төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийн орон тоог нөхөхөд асуудал гарахгүй. Төрийн байгууллагад сул орон тоо гарахад тухайн байгууллагад ажилладаг туршлагатай албан хаагчийг үүрэг гүйцэтгэгчээр нь томилох хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад хуулийн дагуу шалгалтаа өгч төрийн жинхэнэ албан хаагч болсон бол түр орлон гүйцэтгэгчээр ажиллах боломжтой. Гэтэл ийм зохицуулалт байхгүй юм шиг сул орон тоо гарангуут шалгалтгүйгээр ажилд авдаг. Үүний цаана төрийн албаны шалгалт өгч төрийн албанд ажиллах хүсэлтэй хүмүүсийн өмнүүр орж байна. Тиймээс хууль зөрчсөн томилгоотой хүмүүсийг чөлөөлж, сул орон тоог төрийн албаны сонгон шалгаруулалтаар нөхөх агуулга бүхий тогтоол гаргасан.
Хоёрдугаар сарын 01-нээр тасалбар болгож чөлөөлөөгүй бол дараагийн шатанд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Дараагийн хоёр шатны арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Нэгдүгээрт, Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хугацаанд тушаал шийдвэрийг нь авч хүчингүй болгох эрхтэй. Гэхдээ захиргааны хуулийн дагуу сонсгол хийдэг.
Хоёрдугаарт, Ажлаас чөлөөлөх саналыг нь тухайн албан тушаалтныг томилсон дарга, байгууллагад нь мэдэгддэг.
Монгол Улс хууль дээдэлдэг болоосой гэж боддог. Яагаад гэвэл хууль хэрэгжүүлэхгүй байна. Жишээлбэл, байгууллагынхаа тамгыг аваад явж байдаг сайд байна. Хууль хэрэгжүүлдэггүй хэрнээ хууль баталдаг улс болсон байна. Мөн хуулиуд хоорондоо зөрчилдөж байгаа. Нэг хууль гаргахдаа нийгэм эдийн засагт үүсэх сөрөг нөлөө, даван туулах арга замыг судлах ёстой. Гэтэл судлахгүйгээр хууль гаргаж байна.
Төрийн жинхэнэ албаны нөөцөд хэдэн хүн байна вэ?
-Төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч тэнцсэн 10.000 гаруй хүн бий. Үүнээс 700 гаруй нь ажил албан тушаалд томилогдсон. Төрийн албаны нөөцийн хугацаа гурван жил. Төрийн албаны нөөцөд байгаа хүмүүсийг ажил албан тушаалд томилогдоход саад болж буй зүйл нь Коронавирусийн хууль байсан.
Төрийн дээд шатны удирдах албан тушаалтнууд буюу агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга зэрэг нөхдүүд хууль зөрчиж томилгоо хийж байна.
Төрийн албаны шалгалтыг жилд хэдэн удаа авах ёстой вэ? Шалгалтын төсөв санхүүг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Миний хувьд Төрийн албаны зөвлөлийг байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх 1995 оноос эхлэн Төрийн албаны шалгалтыг авч эхэлсэн. Өмнө нь уламжлалт аргаар шалгалтыг авдаг байсан. 1995-оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Төрийн албаны зөвлөлийн төсөвт шалгалт зохион байгуулах төсөв тусгагдаж байгаагүй. Гэхдээ бид яаж ийгээд л шалгалтыг зохион байгуулдаг. Шалгалт авдаг зардлыг тусгаж өгөх шаардлагатай. Төрийн албаны шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа авах хуультай. Зайлшгүй шалгалт авах хэрэгцээ гарвал хэдэн ч удаа шалгалтыг зохион байгуулах боломжтой. Төрийн албаны шалгалтыг
2019 онд нэг удаа
2020 онд хоёр удаа
2021 онд гурван удаа тус тус авсан байна. 2021 оны гурван удаагийн шалгалтад нийт 22900 гаруй иргэн бүртгүүлж орсноос 5400 хүн тэнцсэн. Төрийн албаны ерөнхий шалгалт бүрэн цахимжсан.
Хууль
Мэдээллийн технологи
Монгол хэл
Удирдан зохион байгуулах
Манлайлах
Багаар ажиллах
Дүн шинжилгээ хийх
Асуудал шийдвэрлэх гэдэг найман төрлийн шалгалт ав гэж хуульчилсан. Уг найман төрлийн шалгалтын даалгаврыг ШУА, УА, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудад хандаж мэргэжилтнүүдийг цуглуулж, төлбөр төлж даалгаврын материал боловсруулж байгаа.
Хэвлэлүүд зарим хүмүүсийг хэлмэгдүүлж байна. Жишээлбэл, Батлан хамгаалах яамны ТНБД, Эрчим хүчний яамны ТНБД, ЭМДЕГ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмчийн газар, МХЕГ зэрэг агентлагийн дарга нар хууль ёсны дагуу шалгалтаа өгсөн.
Мөн тусгай чиг үүргийн агентлаг бий. Цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал зэрэг газрууд өөрсдийн хуулиар нийтэд нээлттэй биш томилгоогоор томилогддог.
Төрийн албаны шалгалтын энэ жилийн тов гарсан уу?
-Одоогоор товлоогүй байна. Шалгалт болохоос 45 хоногийн товыг тогтдог. Бидний төлөвлөж буйгаар гуравдугаар сарын сүүлийн 10 хоногт шалгалтыг зохион байгуулах байх.
Төрийн жинхэнэ албанд тэнцсэн хүмүүсийн чадавх ямар байна вэ?
-Үүнийг мөсөн уултай зүйрлэдэг. Мөсөн уулын орой нь шалгалт. Уулын харагдахгүй байгаа хэсэг нь хувь хүний хандлага, чадвар байдаг. Харагдахгүй байгаа хэсгийг илрүүлэх асуудалтай. Гэхдээ энэ жилээс сэтгэл зүйн сорилыг шалгалтын даалгавартаа оруулахаар болж байгаа. 2022 оны хоёрдугаар хагасаас сэтгэлзүйн сорил авдаг болох байх.
Ярилцсанд баярлалаа.
Г.Мичид