Сүүлийн өдрүүдэд Д.Сүрэнжавын бүтээл "Хөвсгөл" найраглалыг нарны цацраг хэлбэрээр Монгол бичгээр бичсэн бүтээл олны анхаарлыг татав. Үнэхээр ч Монгол Үндэсний бичгээрээ урлаж бичжээ. Тус бүтээлийн эзнийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Төрөлжсөн сургалттай "Авьяас” сургуулийн 12А ангийн сурагч Цогтын Пүрэвсүрэн гэдэг. Тэрбээр, “Миний Монгол бичиг” аяны хүрээнд тус бүтээлийг бичжээ. Ингээд тусгаар тогтнолын баталгаа болсон эх хэл, үндэсний бичгээ өвлөн дэлгэрүүлж яваа түүнтэй цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа.
Сайн байна уу? Улирлын ээлжит амралт нь эхлэх гээд ачаалал ихтэй байх шиг байна. Цаг гаргасанд баярлалаа. Хоёул ярилцлагаа Хөвсгөл найраглалыг монгол бичгээр бичих болсон талаар эхлэх үү?
-Сайн, сайн байна уу. Одоогоос жилийн өмнө Өвөрмонголын Өөртөө Засах Орны дунд сургуулиудад хичээлийг Монгол хэлээр бус хятад хэлээр зааж эхэлсэн. Үүнийг эсэргүүцэж, “Монгол бичгээ хамгаалъя”, “Монгол бичгээ аварья” гэсэн уриан дор иргэд эсэргүүцлээ илэрхийлж байсан. Тухайн үед манай нутагт Өвөрмонгол хүн ирсэн. Тэр хүн “Хаан бичиг” гэдэг номын дэлгүүртэй юм билээ. Ингээд “Миний Монгол бичиг” аян, уралдааныг зарласан юм. “Миний Монгол бичиг” аянд зориулж Хөвсгөл найраглалыг хар муутуу цаасан дээр боронзон бэхээр нарны цацраг хэлбэртэйгээр бичсэн.
Цахим орчинд бүтээл нь тавигдаж маш олон хүнийг Монгол бичгээр зөв сайхан бичиж сурах зорилготой болгожээ. Бүтээлээ ингэж олон хүнд хүрнэ гэж бодож байв уу?
-Миний бичсэн бүтээл цахим орчинд тархаж олон хүнд хүрнэ гэж төсөөлөөгүй. Олон хүнд хүрсэн ч ийм сайхнаар хүлээж авна ч гэж бодоогүй. “Хаан бичиг” цахим хуудсанд бүтээлийнхээ зургийг тавьчхаад хичээлдээ орсон. Хичээлээ тараад цахим хаягаа шалгатал маш олон хүмүүс сэтгэгдэл бичиж, хуваалцаж дэмжсэн байсан. Би сэтгэгдэл нэг бүрийг алгасахгүй уншиж, урамшиж баярлаж байгаа.
Танай сургуульд хэддүгээр ангиас нь эхэлж Монгол бичгийн хичээл зааж эхэлсэн бэ?
-Монгол бичгийн хичээл зургадугаар ангиас эхэлж орсон.
Хүүхэд бүр ЕБС-д Монгол бичгийн хичээл заалгадаг ч олон төрлөөр нь бичихэд суралцдаггүй шүү дээ. Хэзээнээс Монгол бичгийн олон төрлийг сонирхож, хичээллэсэн бэ?
-Манай Монгол хэл бичгийн багшийг Б.Отгонтуяа гэдэг. Манай багш маш гоё бичдэг. Багшийнхаа бичсэнийг хараад багш шигээ гоё бичиж сурахыг хүссэн юм. Ингээд л багшаараа гоё бичихийг заалгаж суралцаж эхэлсэн. Манай сургуульд “Бийрээр урлахуй” нэртэй монгол бичгийн дугуйлан хичээллэдэг. Гэхдээ цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд дугуйлан маань хичээллээгүй. Уралдаан тэмцээнд ороход багш маань дэмжиж бэлтгэдэг. Бүтээлийнхээ санааг багштайгаа хамтарч гаргадаг.
Монгол бичгээр бичиж, уншиж сурахын хамгийн сайхан нь юу вэ?
-Манай Монгол хэл дэлхийн хэмжээнд гайхалтай хэмээн үнэлэгдсэн өвөрмөц долоон хэлний нэг. Монгол бичгээ сураад эхлээд үзгээр, дараа нь бийрээр бичихээр маш сайхан байдаг. Монгол бичиг маань үзэсгэлэнтэй харагддаг. Монгол бичиг бичлэгийн маш олон төрөлтэй. Бичихэд маш сонирхолтой. Мөн Монгол бичгийн хичээл нь хүнийг суулгаж сургадаг. Аливаад тогтвортой, тууштай байхад тусалдаг.
Монгол бичгийн хэдэн төрлөөр бичиж чадах вэ?
-Хичээнгүй, эвхмэл, бийр төрлөөр бичиж чадна.
Монгол бичгийн уралдаан тэмцээнд хэзээнээс эхэлж орж эхэлсэн бэ?
-Аравдугаар ангиасаа Монгол бичгийн уралдаан тэмцээнд орж эхэлсэн. Жишээлбэл,
Монголын сайхан бичигтэн уралдаанд III байр
Мөнх тэнгэрийн бичиг уралдаанд II байр
Миний Монгол бичиг уралдаанд II байр тус тус эзэлж байсан.
Ер нь Манай Хөвсгөл аймгийн хэмжээнд маш олон хүүхэд Монгол бичгээр зөв сайхан бичдэг. Улсын уралдаан тэмцээнд ч гэсэн амжилттай сайн оролцдог.
ЭЕШ-ыг ирэх жил өгөх юм байна. Ямар мэргэжил эзэмшихийг зорьж байна вэ?
-Сэтгэл зүйч болох хүсэлтэй. Тиймээс МУИС-ийн Сэтгэл судлалын ангид элсэн суралцана.
Хөвсгөл аймагт халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байгаа. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурсан. ЕБС-ийн амралт удахгүй эхэлнэ. Сүүлийн долоо хоног цахимаар хичээллэх байсан ч халдварын тархалт бага байгаа учир танхимаар хичээллэхээр болсон.
Монгол бичгээр уран бичиж сурахыг хүсэж байгаа найзууд, дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
-Би “Монгол бичгээрээ хүн болгон гоё бичиж сураасай гэж хүсдэг. Удахгүй бүх зүйл Монгол бичгээр бичигдэж эхэлнэ. Тиймээс бүгд монгол бичгээрээ зөв сайхан бичиж, уншиж сураарай гэж хэлмээр байна.
Мөн манай ангийнхан Хөвсгөл найраглалыг Монгол бичгээр бичиж эхлэхээс эхлээд л бүтээлийнхээ зургийг дарахад хүртэл тусалсан. Найзууд маань надаас илүү дэмжиж, баярлаж байгаа. Энэ ярилцлагаар дамжуулаад багшдаа болон ангийнхандаа, найзууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
Баярлалаа. Амжилт хүсье.
Г.Мичидмаа
Уншиж байна |