Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэлтэй ажилласан хүмүүст төрийн одон медаль гардуулсан юм. Тэдний нэг нь Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх байсан бөгөөд түүний хөдөлмөрийг төр "Алтан гадас" одонгоор үнэллээ.
Улаанбаатар хотыг цэвэрхэн байлгахын төлөө 44 жил өглөөнөөс үдэш хүртэл зүтгэсэн түүнийг төр үнэлсэнд олон нийт ч талархалтай байна. Тиймээс ч эхнээсээ одонгийн найр хийж өгөх байгууллага, хүмүүс тодроод эхэлжээ. Тухайлбал, "Буган халиун" цогцолбор ресторан одонгийн найрыг 100 хувь даан хийж өгөхөө мэдэгдэв. Тус байгууллага олон нийтийн сүлжээндээ "Их хотын энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрхэм сайхан ахдаа төрийн дээд одон хүртсэнд баяр хүргэж, энэхүү их өдрийг мялааж "Буган халиун" ресторан найрыг 100 хувь даахаар боллоо" хэмээн бичжээ.
Мөн жүжигчин О.Тэмүүжин одонгийн найрыг хөтөлж өгөхөд бэлэн гэдгээ цахим хуудсандаа бичсэн байна. Бас Dance Chance бүжгийн баг уран бүтээлээрээ үнэ төлбөргүй үйлчлэхэд бэлэн гэдгээ хэлжээ.
Тэднээс гадна М.Нарантуяа санаачилга гаргаж, Алтан гадас одонгийн найрны мөнгийг цуглуулах хандив өрнүүлжээ. Өчигдөр оройны байдлаар хүмүүсээс 10.800.000 төгрөг цугласныг тэрбээр цахим хуудсаараа мэдэгдсэн байна.
Б.Хэрлэн