Хятад улсад эрчим хүчний хямрал нүүрлэж, олон муж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй байдалд орон, улмаар эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амссан талаар бид өмнө нь мэдээлж байлаа.
Нүүрсний хомстлоос үүдэлтэй Хятадын эрчим хүчний хямрал
Ийнхүү эрчим хүчний хямрал үссэн нь дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт бичигддэг Хятад улсын үйлдвэрүүдэд хүндхэн цохилт өгч, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаасаа Ши Жинпиний захиргаа ухрах нөхцлийг бий болгож байгаа тул нүүр олборлогч компаниудыг үйлдвэрлэлээ нэн даруй нэмэгдүүлэхийг Хятадын эрх баригчид тушаажээ.
Securities Times сонины мэдээлснээр, БНХАУ-ын нүүрс олборлогч томоохон бүс нутгуудын нэг болох Өвөр Монголын Эрчим хүчний яамны ажилтнууд орон нутгийн нүүрс олборлогч 72 компанид хүчин чадлаа 100 сая тонноор нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
Цахилгаан эрчим хүчний хомстолтой тэмцэх Хятадын эрх баригчдын энэхүү хүчин чармайлт нь өндөр технологийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон, хязгаарлагдсантай холбоотой юм. Эрчим хүчний хямралын улмаас Хятадын зүүн хойд хэсгийн хэд хэдэн бүс нутагт цахилгаан эрчим хүч тасалдаж байгаа аж. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэл зэрэг нэн чухал салбарууд ч эрчим хүчний хомстлын улмаас хүнд нөхцөлд орж болзошгүй гэж эрх баригчид сэрэмжлүүлж байгаа гэнэ.
Нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр нь Хятадын зах зээлд шууд нөлөөлсөн байна. Баасан гарагт Жэнжоугийн зах зээл дээрх эрчим хүчний нүүрсний фьючерс гурван хувиар өсөж байсан ч тун удалгүй 11 хувиар буурчээ. Мөн Хятадын уул уурхайн компаниудын CSI нүүрсний индекс 5,5 хувиар буурсан байна.
Ази Номхон далайн бүс нутаг дахь түүхий эдийн барааны шинжээч Гэвин Томпсон Wood Mackenzie-д өгсөн ярилцлагадаа Хятад улс хомстолтой нүүр тулсан бусад эрчим хүчний зах зээлүүдийн адилаар цахилгаан эрчим хүчийг тогтоон барих, нүүрс хүчлийн хийг багасгах зорилгоо баримтлах асуудал дээр "тэнцвэрээ олох ёстой" хэмээн онцолжээ.
"Өнөөгийн үүссэн нөхцөл байдал нь Хятадын хувьд тун таагүй. Хэдхэн долоо хоногийн дараа болох СОР26 олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд энэ улс бэлдэж байгаа. Хятадын дарга Ши Жинпинь цаашид хилийн чанадад дулааны цахилгаан станц байгуулахгүй хэмээн мэдэгдсэн. Гэхдээ ойрын ирээдүйд цахилгаан эрчим хүчний эрэлтийг хангахын тулд нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэхээс өөр сонголт Хятадад байхгүй" хэмээн Томпсон мэдэгджээ.
Худалдааны дайнаас үүдэлтэй нүүрсний хомстол
Өвөр Монголын уурхайд нүүрс олборлолтыг эрс нэмэгдүүлэх шийдвэр нь Хятад улс Австралийн нүүрсэнд худалдааны хориг тавьсан үед гарснаараа ихээхэн анхаарал татаж байгаа юм. Financial Times сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр, Хятадын хэд хэдэн боомт дээр Австралийн нүүрсийг ямар ч асуудалгүй буулгасан гэнэ. Ингэснээр Австралийн нүүрсний импортыг хориглосон шийдвэр цуцлагдаж байж болох юм гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ Хятад, Австралийн хоорондын улс төрийн хурцадмал байдал болон аюулгүй байдлын салбар дахь зөрчилдөөн улам нэмэгдсээр байгаа юм.
Хятадад эрчим хүчний хомстол нүүрлэсэн өнөөгийн нөхцөл байдал өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн юм. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын зарим хотод нүүрсний хомстлын улмаас эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьж байлаа. Энэ нь гол нүүрс нийлүүлэгчдийн нэг Австрали улстай Хятад худалдааны маргаан үүсгэснээс үүдэлтэй гэж шинжээчид онцолж байв. Хятадын үйлдвэр болон станцууд Австралийн нүүрснээс ихээхэн хамааралтай бөгөөд Австралиас нүүрс авахгүй болсноор Хятадад томоохон асуудал тулгарч, өнгөрсөн оны сүүлээр Хятадын нүүрсний нөөц буурч, харин үнэ нь 60 хувиар өсч байлаа. .
Хятад, Австралийн сөргөлдөөн
Хоёр орны сөргөлдөөн 2018 оноос эхлэлтэй. 2018 онд Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс 5G сүлжээг нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг оролцуулаагүй юм. Үүний улмаас хоёр орны хооронд сөргөлдөөнтэй байдал үүссэн бөгөөд энэ жил Австрали улс коронавирусийн халдвар үүссэн болон дэлхий даяар тархсан явдлыг олон улсын зүгээс шалган, буруутанд хариуцлага тооцохыг уриалснаар харилцаа улам хурцадсан юм.
Ингээд 11 дүгээр сарын эхээр Хятад улс Австралиас нүүрс, зэс, элсэн чихэр зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүний экпортыг хориглосон. Улмаар 2020 оны 12 дугаар сарын байдлаар Австралийн 66 хөлөг онгоц 500 сая ам.долларын үнийн дүнтэй нүүрс ачин Хятадыг зорьсон ч Хятадын тал ачааг нь хүлээж авалгүй, Хятадын боомт дээр хэдэн сар зогсож байв.
2020 онд хоёр орны сөргөлдөөн ид хүчээ авч байгаа үед Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Австралийн цэргийг хүүхдийн хоолойд хутга тулгаж байгаа эвлүүлсэн зургийг твиттер хуудсандаа нийтэлсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Энэ явдал 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр болсон бөгөөд Австралийг гутаан доромжилсон гэж үзэн Ерөнхий сайд нь Хятадын эрх баригчдаас уучлалт гуйхыг шаардаж байлаа. Гэсэн ч тэдний хүлээлт талаар болсон төдийгүй Хятадын төрийн хэвлэл нь Австралийг коронавирус тараасан байх магадлалтай гэж шууд бусаар буруутгасан нийтлэл гаргасан юм.
Г.Бямбасүрэн