Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж, орон гэргүй болсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Г.Эрдэнэбилэг “2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газраа чөлөөлж, Их Өргөө компанитай гэрээ хийсэн. Гэтэл одоог хүртэл долоон жил орох оронгүй, хэдэн хүүхдээ, өвчтэй эхээ чирээд айлаас айлд, түрээсийн байр хэсээд явж байна. Энэ хооронд миний ээж нас барсан. 184 айлыг хохироосон. Тэдний нэг нь би. Э.Бат-Үүл хүү Чулуудайтайгаа нийлж, орон сууцтай болгоно гэж олон айлын газрыг чөлөөлж авсан. Гэтэл одоог хүртэл газар ч үгүй, орон сууц ч үгүй хохирч байна. Долоон жил шүүх цагдаагаар явж, үнэхээр цөхрөнгөө барж байна. Одоо ямар нүүрээрээ Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм бэ. Би Э.Бат-Үүлийн уулзалт хийсэн газар очиж, өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлж, Сонгинохайрханы сонгогч нарт энэ бузар булайг нь дэлгэнэ. Би өлсгөлөн зарлая ч гэж бодож байна” хэмээн гомдлоо илэрхийллээ.
Гранд Лайн ХХК иргэдийг хохироосон иргэдийг гурван шатны шүүхээр тогтоосон. Гэвч өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулахгүй байна гэдгийг хохирогчдын төлөөлөл хэллээ.
Тэд 184 айл өрх орон гэргүй найман жил тэнэж байна. Гэтэл Э.Бат-Үүл доромжилж байгаа мэт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Бид бүгдээрээ суулт зарлаж, өлсгөлөн зарлана. Ядаж иргэдийн орон гэрийн асуудлыг шийдэж өгчихөөд нэр дэвшээд явж болно. Ард иргэдийг хохироож, улс төрийн наймаа хийдгээ болимоор байна хэмээн бухимдлаа илэрхийлж байна.
Б.Хэрлэн