В.Үнэнбат: Ургац хураалтад 10 гаруй мянган оюутан залуус ажиллаж байна
2021-09-29

Ургац хураалтын талаар ХХААХҮЯ-ны газар Тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.

 

-Энэ жилийн ургац хураалт есдүгээр сарын 15-наас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байна вэ?

 

-2021 онд нийт 660 мянган га газарт тариалалт хийгдсэн. Үүнээс 389 мянган га-д Улаанбуудайн тариалалт хийгдсэн. Одоогийн байдлаар Улаанбуудайн ургац хураалт 15 хувьтай, хүнсний ногоо төмсний хураалт 50 орчим хувьтай байна. Өмнө жилийн мөн үеийнхтэй харьцуулбал ижил түвшинд байгаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган оюутан залуус, цэрэг, хууль хүчний байгууллагын албан хаагчид ургац хураалтын ажилд оролцож байна.

 

-Сүүлийн үед цаг агаар эрс хүйтэрч байна. Энэ нь ургац хураалтад хэрхэн нөлөөлж байна вэ? 

 

-Өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн баруун урд хэсэг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цас орсон. Ургац хураалтын ажил жигд байгаа. Өнөөдрийн байдлаар цасанд тариа налсан асуудал гараагүй байна.

 

-Энэ жилийн ургацын болц ямар байна вэ? Ангилан хадалт хийж байгаа юу?

 

-Ургац хураалтын ажил 10 гаруй хувиар хоцорч байгаа. Энэ жил чийг их байгаа учраас Уаанбуудайн болц 10 гаруй хоногоор оройтсон. Тиймээс ихэнх тариаланчид маань ургац хураалтаа ангилан хадалтаар эхлээд ажиллаж байна.

 

-Ургацын болц хоцорч байгаа нь чанарт нөлөөлөх үү?

 

-Бүс нутгаараа өөр өөр байна. Жишээлбэл, Улаанбаатар хотоос баруун зүгт ургацын чанар сайн байгаа бол Дарханы хойд хэсгээр Улаанбуудай чийгтэй байна. Өөрөөр хэлбэл, Дарханы хойд хэсэг ургац хураалтыг ангилан хадалтаар эхлүүлсэн бол баруун зүгийн аймгууд шууд хураалт эхлүүлж, гурилын үйлдвэрүүдэд тушааж байгаа. Энэ жил нийт 389 мянган тонн Улаанбуудай  хурааж авна. Тиймээс Улаанбуудайн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангана гэсэн урьдчилсан баланс гарсан байна.

 

Жилийн жилд ургац хураалтын ажил аравдугаар сарын 15-20-ны өдрүүдэд дуусгавар  болдог. Харин энэ жил 10 хоног хойшилж арваннэгдүгээр сарын 01 гэхэд дуусна.

 

-Ургац хураалтад ажиллах хүч ямар байна вэ? Хөдөлмөрийн гэрээгээр хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

 

-Ургац хураалтад 10 гаруй мянган оюутан залуус ажиллаж байна. Хүн хүчний асуудал үүсээгүй. Тоног төхөөрөмжийн хувьд шинэчлэгдсэн.

 

-Улсын хэмжээнд ургац хураалтаараа аль аймаг тэргүүлж байна вэ?

 

-Улсын хэмжээнд ургац хураалтын ажил жигд өрнөж байна. Тодруулбал, Төв аймаг, Булган аймгийн урд хэсэг, Орхон аймгуудын ургац хураалт жигдрээд явж байгаа.

 

-Тариаланчид халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж ажиллаж байна вэ?

 

-УОК болон салбар яамнаас орон нутагт халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэл өгөөд ажиллаж байна.

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин