Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг БНАСАУ-ын дуунаас хэт хурдан пуужин туршсан талаарх мэдээллийг дамжуулжээ. Энэ мэдээллийг Хойд Солонгосын тал ч баталсан байна.
Тодруулбал, БНАСАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи "Хвасон -8" дуунаас хэт хурдан пуужин туршсан талаар Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. Энэ нь есдүгээр сарын 28-ны өдөр Япон тэнгисийн зүгт Хойд Солонгосын талаас хөөргөсөн "үл мэдэгдэх пуужин" гэж хэвлэлүүд мэдээлж байсан пуужин юм байна.
"БНАСАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи саяхан Чагондо хотод боловсруулсан "Хвасон-8" дуунаас хэт хурдан пуужинг амжилттай туршсан" хэмээн Хойд Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Шинэ пуужин хөөргөсөн нь тус улсын орчин үеийн батлан хамгаалах системийн хөгжилд стратегийн ач холбогдолтойг БНАСАУ онцлоод, туршилтын үеэр пуужингийн техник үзүүлэлтүүдийг амжилттай туршиж чадсан хэмээн цохон тэмдэглэжээ. Туршилтын үеэр пуужингийн чиглэлийн хяналт, маневрлах чадвар, цөмийн хошууны аэродинамик үзүүлэлтүүдийг эрдэмтэд шалгасан байна.
Хойд Солонгос дахин идэвхжсэн нь
Олон жил дайсагнасан харилцаатай байсан АНУ, Хойд Солонгос анх удаа хэлэлцэн тохиролцохоор 2018 онд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байв. Дональд Трамп Ерөнхийлөгч болсны дараа Ким Жон Ун болон Трамп нар нэгнээ "галзуу хөгшин", "пуужинтай жаал" гэх мэтээр доромжлон, хатуухан мэдэгдэл хийцгээж байсан ч 2018 оны зун Сингапурт анх удаагаа уулзалдсан юм. Энэ уулзалтаар талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж, Вашингтон БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөх бол Пхеньян цөмийн зэвсгээс бүрэн татгалзах алхам хийнэ гэж тохиролцож байв.
Харин хоёр дахь удаагийн уулзалт буюу 2019 оны хоёрдугаар сарын 27-нд Ханой хотноо хийсэн хэлэлцээрээр талууд тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцаж байлаа. Энэ хоёр уулзалт хоёулаа үр дүнд хүрээгүйн дээр Хойд Солонгос пуужингийн туршилтуудаа үргэлжлүүлсээр л байлаа.
Энэ онд гэхэд удаа дараа пуужин хөөргөж байсан Хойд Солонгос есдүгээр сард туршилтын тоо нь олширсон юм. Тухайлбал есдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд пуужин харвасан бол есдүгээр сарын 28-ны өдөр дахин пуужин туршсан нь дээр өгүүлсэн дуунаас хэт хурдан пуужин байжээ. Ийм асар өндөр боломж, хүчин чадалтай пуужин туршсан нь ихээхэн түгшүүр төрүүлэхүйц алхам юм.
Хойд Солонгос энэ сард удаа дараа пуужин хөөргөснийхөө дараа олон улсыг, тэр дундаа хөрш орнуудаа аюулд учруулахгүй гэж мэдэгдэж байлаа. Энэ талаар НҮБ-ын дэргэдэх БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ким Сон улс орныхоо нэрийн өмнөөс НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы үеэр мэдэгдсэн юм.
"БНАСАУ шиг байнгын дайны аюул занал дор оршиж байгаа өөр улс дэлхий дээр байхгүй. Бид түрэмгий дайныг тогтоон барьж, өөрсдийгөө хамгаалах батлан хамгаалахын хууль ёсны эрхээ ойлгож байгаа. Бид АНУ, Өмнөд Солонгос болон хөрш орнуудаа хэзээ ч аюулд учруулахгүй" хэмээн Ким Сон мэдэгджээ.
Чухамхүү энэ мэдэгдлийнхээ үеэр Хойд Солонгосын төлөөлөгч улс орон нь хүчирхэг зэвсэгтэй болсон гэдгийг ойлгуулсан мэдэгдэл хийж байсан юм. БНАСАУ "хүчирхэг довтлох хэрэгслүүдтэй" ч үүнийгээ ашиглах хүсэлгүй байгаа гэж тэрбээр онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |