Хятадад эрчим хүчний хямрал гүнзгийрч, үүний улмаас үйлдвэрүүдийн ажиллагаа ч доголдож эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, цахилгаан эрчим хүч хотуудад ч хангалтгүй байгаа бөгөөд орон сууцны халаалт зогссон, гудамжинд гэрлэн дохио ч ажиллахгүй байгаа талаар хятадууд олон нийтийн сүлжээнд бичсэн байна.
Ляонин, Гирин, Хар мөрөн гэсэн мужуудын оршин суугчид цахилгаан эрчим хүчний хомстолтой нүүр тулжээ. Зарим хотод цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үеэр цахилгаан халаагуур болон бичил долгионы зуух ашиглахгүй байхыг иргэдэд уриалсан байна. Түүнчлэн худалдааны төвүүд цагаасаа өмнө хааж байгаа гэнэ.
Мөн Хятадын хэвлэлүүдээр Шэньяны гэрэлтүүлэггүй замаар явж буй машинуудын дүрс бичлэг нийтлэгджээ. Үүний зэрэгцээ Хятадын 10 гаруй мужид, тэр дундаа аж үйлдвэрийн төвүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьсан байна.
Ийнхүү хязгаарлалт тавих болсон нь ихээхэн хор уршиг дагуулж эхэлжээ.
Тухайлбал, Ляонинд үйлдвэрийн цехэд агааржуулалтын системийг гэнэт салгасны улмаас 23 ажилчин нүүрсхүчлийн хийнд хордон эмнэлэгт хүргэгдсэн байна.
Түүнчлэн хийн зуух ашиглан өрөөгөө дулаацуулах гэсний улмаас хордсон хүмүүс ч олон гарчээ.
Цахилгаан эрчим хүч тасалдах болсон нь нүүрсний хомстол болон Хятадад нүүрсхүчлийн хийн зарцуулалтын шинэ квот тогтоосонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Хятадын цахилгаан сүлжээний улсын компани ойрын өдрүүдэд эрчим хүчний хангамжийг сэргээнэ гэж даваа гарагт амалжээ. Гэхдээ байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.
Өнгөрсөн долоо хоногт цахилгааны тасалдлын улмаас олон үйлдвэрүүд тэр дундаа Tesla , Apple компаниудад эд анги нийлүүлдэг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоожээ. Apple компанид плат нийлүүлдэг компаниудын нэг болох Unimicron Technology Corp компани есдүгээр сарын 26-30-ныг дуустал таван өдрийн хугацаанд гурван үйлдвэрээ зогсоосон гэж ням гарагт мэдэгдсэн байна.
Эрт эхэлсэн хямрал
Хятадад цахилгаан эрчим хүчний асуудал өнгөрсөн зунаас л эхэлжээ. Долдугаар сард эрх баригчид Бээжин болон Сианд төлөвлөгөөний дагуу эрчим хүч тасалсан байна. Тухайн үед 11 мужид цахилгаан эрчим хүчний хэрэглээ дээд хэмжээндээ хүрсэн тул эдгээр бүс нутгуудад тасалдал үүсэж болзошгүй хэмээн Хятадын цахилгаан сүлжээний улсын компани мэдэгдэж байв. Үүнийг шинжээчид тухайн үед зуны халуун цаг агаартай холбон тайлбарлаж байлаа.
Харин одоо, өвөл дөхөж,Хятадын хойд хэсгээр хүйтэрч байгаа энэ үед цахилгаан эрчим хүчний тасалдал нь ноцтой асуудал болон хувираад байна. Үүссэн асуудлыг шийдэх үүднээс Хятадын Эрчим хүчний яам нүүрс нийлүүлэгчдийг өвлийн хэрэглээнд бэлэн байхыг үүрэг болгожээ.
Энэ хүрээнд Гирин мужийн захиргаа Өвөр Монголоос нүүрс татан нүүрсний хомстлыг шийдэхээр хичээж байгаа гэнэ.
Харин Ляонин мужийн эрх баригчид өнгөрсөн долдугаар сараас эхлэн эрчим хүчний үйлдвэрлэл эрс унасан гэж мэдэгндсэн бол эрчим хүчний нэгэн компани нь ирэх өвөлжин тасалдал үргэлжилнэ, цахилгааныг гэнэт таслах нь хэвийн үзэгдэл болно хэмээн олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Нэг их удалгүй тэд энэ постоо устгасан ч үүнтэй ижил мэдэгдлийг улсынх нь телевизээр хийсэн талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Хомстол үүсгэсэн шинэ зорилт
Хятадад энэ оны долдугаар сарын 16-ны өдрөөс нүүрстөрөгчийн ялгаруулалтад шинэ квот тогтоосон юм. Ингэснээр Хятадын үйлдвэрүүдээс гарах хүлэмжийн хийг бууруулахаар эрх баригчид зорьж байгаа юм. Мөн энэ нь 2060 он гэхэд Хятад улс “нүүрстөрөгчийн төвийг сахисан” улс болох зорилтынх нь нэг хэсэг юм.
Шинэ журмаар Хятадын үйлдвэрүүдийн агаарт цацагдах хортой хаягдлуудыг хорыг бууруулах технологоор багасган, хор багатай материалд шилжих , мод тарих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх аж.
Гэхдээ хорт хаягдлыг багасгах зорилгодоо хүрэхгүй байгаа гэж Хятадын төв эрх баригчид бүс нутгийн засгийн газруудыг шүүмжилж байгаа бөгөөд нутаг дэвсгэртээ цахилгаан эрчим хүчний хэрэглээг өсгөхгүй байхыг орон нутгийн албан тушаалтнуудаас шахаж шаардаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |