Төсвийн орлого давж биелсэн ч урсгал зардал нэмэгджээ
2021-09-24

Цар тахлын халдварын тархалт улсын хэмжээнд хамарч он гарсаар хоёр ч удаа хатуу хөл хорио тогтоон, ковидоор өдөр бүр дөрвөн мянга орчим хүн халдварлаж, халдварын улмаас амиа алдсан иргэдийн тоо нийтдээ 1000 даваад байгаа харамсалтай, хатуу цаг үеийг туулж байна. Төр, засгаас Коронавирусийн үеийн  хуулийн үйлчлэх хугацааг сунган баталж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхээр 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг хадгалж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Гэхдээ энэ зээл зорилтот хэсэгтээ хүрч байгаа эсэд олон нийт эргэлздэг. Учир нь өмнө нь ЖДҮХС-гийн зээлийг эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа УИХ-ынх гишүүд олгосон байсан нь илэрсэн.

 

Он дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ сунгаж,  үйлдвэрлэл, үйлчилгээ хаалттай, хариуцлагын гэрээтэй ажиллаж байгаа энэ үед төсвийн гүйцэтгэл батлагдсан хуулийн дагуу явж ирсэн. УИХ-аас  энэ оны найман сарын байдлаарх төсвийн гүйцэтгэлийн мэдээлийг нэгтгэн гаргасан. Нэгдсэн төсвийн гүйцэтгэл хэрхэн гарсаныг хүргэе.

 

Оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,041.8 тэрбум төгрөгийн  алдагдалтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,614.7 тэрбум төгрөгөөр,  төлөвлөсөн дүнгээс 1,453.2 тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлтэй байна.  Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө тайлант хугацаанд 100.9 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.  Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 73.4 тэрбум төгрөгөөр давж биелэхэд татварын орлого 2.3 хувь буюу 167.1 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь нөлөөлсөн байна.

 

Тайлант хугацаанд орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого төлөвлөснөөс давж биелсэн бол бусад төрлийн татварын орлого 0.1-11.4 хувийн дутуу гүйцэтгэлтэй гарчээ. Харин татварын бус орлогын төлөвлөгөө 93.6 тэрбум төгрөгөөр дутуу биелж 91.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ нь  торгуулийн орлого, газрын тосны орлогоос бусад төрлийн татварын бус орлогын төлөвлөгөө хүрч биелээгүйтэй холбоотой аж.

 

Нэгдсэн төсвийн нийт зарлага 2021 оны эхний найман сарын гүйцэтгэлээр 9,563.8 тэрбум төгрөг болж 1,379.7 тэрбум төгрөгийн  дутуу зарцуулалттай буюу 87.4 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Энэ нь тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 12.6 хувиар дутуу зарцуулагдсан ч өмнөх  оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар буюу 1,207.9 тэрбум төгрөгөөр  өссөн байна. Ингэхдээ нийт зарлагын 8,230.7 тэрбум төгрөг буюу 86.1 хувь нь урсгал зардал, 31.7 хувийг бараа, ажил үйлчилгээний зардал, 5.9 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр, 3.2 хувийг татаас тус тус эзэлж байна.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэгдсэн төсвийн урсгал зардал 1,640.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэхдээ бараа, ажил үйлчилгээний зардал 189.0 тэрбум төгрөгөөр буурсан ч зээлийн үйлчилгээний төлбөр 6.4 тэрбум, татаас 13.0 тэрбум, урсгал шилжүүлэг 1,809.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн  Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буюу 6.4 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 15.3 хувь буюу 88.4 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.

 

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх  төсөл, арга хэмжээ 2021 оны эхний 8 сарын гүйцэтгэлээр 98.6 хувийн гүйцэтгэлтэй гарч 372.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бол концессын эргэн төлөлтөд 189.9 тэрбум төгрөг зарцуулагдаж 92.4 хувийн  гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ оны Улсын төсвийг батлахдаа эрүүл мэндийн салбарт илүүтэй анхаарал хандуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд 2021 оны эхний 8 сарын гүйцэтгэлээр 654.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөснөөс 2.6 хувь буюу 16.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.

 

2021 оны эхний 8 сарын гүйцэтгэлээр эрүүл мэндийн даатгалын сангаас 692.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 740.4 тэрбум төгрөгийг зарцуулж, тус сангийн гүйцэтгэл 107.0 хувьтай гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус сангийн нийт зарлага 486.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Ийнхүү он дуустал нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, орлого, зарлага, хөрөнгө оруулалт төлөвлөсөн хэмжээнээс хэр өөрчлөгдөх нь эдийн засаг сэргэх эсэхээс хамаарна. Ямартай ч намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцүүлэхээр Засгийн газар, Монголбанк төслөө боловсруулсан байгаа. Ингэхдээ ирэх оны улсын төсвийн орлогыг уул уурхайн экспортоос бусад орлогоос бүрдэнэ гэж  тооцсон байна лээ. 

 

Тиймээс намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд   цаг үеийн тулгамдсан асуудлаас гадна хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх хууль тогтоолын төсөл гээд их ажил өрнөнө, төр, засаг иргэдэд хаалттай бус нээлттэй ажиллах шаардлагатай гэж олон нийт шаардаж, хүлээж байгаа юм. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин