ОХУ-ын Пермийн их сургуульд есдүгээр сарын 20-ны өдөр эмгэнэлт хэрэг гарсан. Энэ өдөр тус сургуулийн оюутан 18 настай Тимур гэгч сургуульд зэвсэгтэйгээр нэвтэрч, гал нээж, олон хүний амийг хөнөөж, шархадуулсан юм.
ОХУ: Пермийн их сургуулийн оюутан гал нээж, олон хүний аминд хүрлээ
Пермийн хязгаарын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын яам хүмүүс рүү гал нээсэн эн хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн жагсаалтыг эцэслэн гаргасныг Регнум агентлаг дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээдийн үйлдлийн улмаас 18-66 насны зургаан хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн хамгийн ахмад нь Маргарита Энгауз гэх эмэгтэй байсан гэнэ. Тэрбээр 40 гаруй жилийн ажлын туршлагатай, алдартай эмч байсан гэнэ. Ач хүүгийнх нь анги экскурс зохион байгуулж байсан тул энэ арга хэмжээнд оролцох үеэрээ сургуулийн нутаг дэвсгэр дээр байж тааран, амиа алдсан байна.
Түүнчлэн 18 настай гэмт этгээд Тимур Бекмансуровын гарт 18 настай Ксения Самченко, 19 настай Ярослав Арамелев, 19 настай Екатерина Шакирова, 20 настай Александра Мохова, 26 настай Анна Айгельдина нар гэсэн залуус амиа алджээ.
Мөн 24 хүн хүнд хөнгөн шархадсан байна. Өчигдөр Оросын хэвлэлүүдээр "гэмт этгээдийг устгасан" гэсэн мэдээлэл гарч байсан. Харин Пермийн эрх баригчдын мэдээлснээр, гэмт этгээдийг хүнд шархдуулсан бөгөөд тэрбээр мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Хэргийн талаар ...
Есдүгээр сарын 20-ны өдөр, Пермийн их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Тимур Бекмансуров дуулга, буу, сум агсан сургууль дээр иржээ. Түүнийг зогсоох гэсэн хамгаалагчийг үүдэн дээр буудаж, сургууль руу орсныхоо дараа хаа сайгүй буудаж эхэлсэн байна. Гэрчүүдийн өгүүлснээр, Тимур юу ч яриагүй, урагшаа алхан, хаа хамаагүй буудаж байсан гэнэ.
Ийнхүү хаа сайгүй гал нээж байсан алуурчныг замын цагдаагийн бага дэслэгч Константин Калинин зогсоожээ. Тэрбээр гэмт хэргийн газрын ойролцоох дүүрэгт зам тээврийн ослын хэрэг шалгаж байсан Константин их сургуульд гал нээсэн талаарх мэдээллийг нүдээр харсан хүмүүсийн мэдээллээс олж мэдмэгцээ хамтран зүтгэгчийн хамт хэргийн газрыг зорьжээ.
Цагдаагийн ахлах дэслэгч Владимир Макаров хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бол бага дэслэгч Константин буун дуу гарсан хэсэг рүү гүйж, зэвсэгтэй этгээдийг олж хармагцаа зэвсгээ хаяхыг шаардсан байна. Гэвч өөдөөс нь буудсан тул Константин хариу гал нээж, гэмт этгээд газар унажээ. Үүний дараа цагдаа шархадсан хүн дээр очин, зэвсэгийг нь холдуулж, түүнд анхны тусламж үзүүлсэн байна.
Пермийн эрх баригчдын мэдэгдсэнээр, зэвсэгт халдлагын улмаас амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэр нөхөн төлбөр авах гэнэ. Амиа алдсан хүмүүсийн ар гэрт тус бүр нэг сая рублийн тэтгэмж олгох бол шархадсан хүмүүсийн ар гэр 500 мянган рублийн тэтгэмж авах аж.
Хэрэг үйлдэх болсны шалтгаан
Тимур Бекмансуровын аав болсон хэргийг сонсоод цочролд орсоноо өгүүлжээ. Түүний өгүүлснээр хүү нь гагцхүү компьютерийн ард цагийг өнгөрүүлдэг байсан, гадагш гарч зугаалдаггүй байсан гэнэ. Ээжийнх нь өгүүлснээр хүү нь бусадтай сөргөлддөггүй, дуугүй, чимээгүй хүүхэд байсан гэнэ.
Сэтгэл судлаачид болсон хэргийн талаар өөр өөрөөр тайлбарлаж байгаа юм. Оросын сэтгэцийн эмч Александр Федоровичийн өгүүлснээр, алуурчин сэтгэцийн өвчингүй ч сэтгэлзүйн шинжтэй асуудал байсан гэнэ. Харин сургууль дээр үйлдсэн хэрэг нь өөрийгөө олох гэсэн оролдлого гэж эмч үзэж байгаа аж. Харин Оросын клиникийн сэтгэл судлаач Владимир Купин огт өөр байр суурьтай байгаа бөгөөд түүний үзэж байгаагаар Тимур Бекмансуров сэтгэцийн асуудалтай гэнэ.
Алуурчин хэрэг үйлдэхийн өмнө олон нийтийн сүлжээндээ өөрийгөө алан хядагч биш, ямар нэг экстремист бүлэгт хамааралгүй хэмээн бичжээ. Тэрбээр хууль ёсны дагуу зэвсэг худалдан авсан бөгөөд дунд сургуульд байхаасаа эхлэн мөнгөө хуримтлуулж, 18 нас хүрмэгцээ 20 мянган рублийн буу худалдан авах зөвшөөрөл авчээ. Буу худалдан авах зөвшөөрлийн хүрээнд түүнийг наркологч болон сэтгэцийн эмч нар шалган, зэвсэг эзэмшихэд хориглох заалтгүй хэмээн дүгнэсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |