Тавь гаруй төрлийн хавдрыг эрт үед нь оношлох шинэ аргыг өргөн цар хүрээтэйгээр даваа гарагаас эхлэн туршиж эхэлсэн талаар Английн Эрүүл мэндийн үндэсний алба мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цусны шинжилгээгээр шинж тэмдэг илрэхээс ч өмнө өвчин байгаа эсэхийг оношлох боломжтой болох гэнэ. Шинэ аргыг боловсруулах судалгааг хоёр жилийн хугацаанд явуулах бөгөөд 50-77 насны 140 мянган сайн дурын хүн оролцох юм байна.
Сайн дурынхнаас цусны шинжилгээ авч, дараа нь жил, хоёр жилийн дараа давтан шинжилгээ авах аж. Тестийг анхлан цуглуулсан нийт цусны дээжийн тал хувьд л хэрэглэх бөгөөд харин үлдсэн хэсэг нь тестийн үр дүнг шалгах хяналтын бүлэг болох гэнэ.
"Энэ тест нь хавдрыг оношлоход хувьсгал хийж магадгүй. Бид ихэд урам зоригтойгоор ажлаа эхлүүлж байна" хэмээн Лондон дахь Хатан хааны коллежийн хавдар судлалын профессор, тест турших хөтөлбөрийн удирдагч Питер Сасиени өгүүлжээ. Шинэ аргаар хавдрыг эрт үе дээр нь илрүүлж чадвал хорт хавдрыг эмчлэх боломжийг нэмэгдүүлэх юм.
Одоогоор дэлхий дахин хавдрыг оношлохдоо биохимийн шинжилгээнд эд эсийн хэсгүүдийг өгөх замаар шинжилдэг бөгөөд шинж тэмдэг илрээгүй үед ийм шинжилгээг хийдэггүй. Учир нь, энэ нь тун нарийн төвөгтэй ажиллагаа, нөгөөтэйгүүр хавдрыг хаанаас хайх нь мэдэгдэхгүй байдаг тул ийнхүү шинж тэмдэг илэрсэн тохиолдолд л хавдрын шинжилгээ хийдэг юм.
Шинэ арга нь цуснаас хавдрын эсүүдийн ДНК хэсгүүдийг хайж илрүүлэх дээр үндэслэгджээ. Энэ аргыг хавдрын эрт оношилгооны аргуудыг боловсруулахаар 2015 онд Сан-Францискод тусгайлан байгуулагдсан "Grail" биотехнологийн стартап боловсруулжээ. Саяхан энэ стартапыг Америкийн Illumina Inc эмзүйн компани 1.7 тэрбум ам.доллараар худалдан авсан байна.
Тест нь Galleri нэртэй, АНУ-д хавдрын өвчлөлийн эрсдэл өндөртэй, тэр дундаа 50-аас дээш насныханд энэ шинжилгээг санал болгодог аж. Америкийн Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн холбооны газар энэ тестэд хараахан зөвшөөрөл олгоогүй, учир нь ихэнх даатгалын компани энэ тестийн зардлыг төлдөггүй гэнэ.
"Цусны шинжилгээгээр хавдрыг оношлох технологийг хайх ажил дэлхий даяар явгдаж байгаа ч өнөө хэр судалгааны шатанд л байна. Одоо бид түншүүдийн хамтаар түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй туршилтаа эхлүүлж байгаа юм. Шинэ арга нь удаан хугацаанд шинж тэмдэг илэрдэггүй хавдруудыг оношлоход ихээхэн ирээдүйтэй" хэмээн Английн Эрүүл мэндийн үндэсний албаны хавдар судлалын асуудал эрхэлсэн захирал Кэлли Палмер өгүүлжээ.
Британид хамгийн өргөн тархсан хавдрын өвчлөл нь уушгины хавдар байдаг бөгөөд нийт нас баралтын 20 хувь нь энэ өвчлөлөөс үүдэлтэй байдаг гэнэ. Уушги, давсаг, түрүү булчирхай, хөхний хавдараас үүдэлтэй нас баралт нийт нас баралтын 45 хувийг эзэлдэг аж.
Хавдрын талаарх баримтууд
Хавдрын өвчлөлийн тал хувийг урьдчилан сэргийлэх боломжтой тохиолдлууд эзэлдэг
Судлаачдын үзэж байгаагаар, хавдрын нийт өвчлөлийн 30-50 хувьд нь нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг гэнэ. Ингэснээр жилд 2.8 саяас 4.8 сая хүн нас барахаас сэргийлнэ гэсэн үг.
Тамхи давсагны хавдар үүсгэх эрсдэлтэй
Тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүстэй харьцуулахад давсагны хорт хавдраар өвдөх эрсдэл гурав дахин өндөр байдаг гэнэ. Ийм өвчнөөр өвдсөн хүмүүсийн тал орчим хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг аж.
200 төрлийн хавдар бий
Сүүлийн 10 жилд судлаачдын ажлын дүнгээр хавдрын 200 гаруй төрөл, дэд төрөл байдаг нь тогтоогджээ.Дэлхий даяар хавдар өвчнөөр өвдөх хүмүүсийн тоо өсөж байгаа бөгөөд гэхдээ сүүлийн жилүүдэд анагаах ухаанд гарсан дэвшилтүүдийн ачаар энэ төрлийн өвчнийг даван гарах боломжтой болсон байна. Хэдийгээр өвчлөл нэмэгдэж байгаа ч хавдрыг ялан гарсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. АНУ-д гэхэд 1991-2017 оны хооронд хавдар өвчнөөс үүдэлтэй нас баралт 29 хувиар буурчээ.
Уушгины хавдар үүсэхэд дам тамхидалт ч нөлөөтэй
Уушгины хавдар тамхи татдаггүй хүмүүст ч үүсэх тохиолдол олон. Дам тамхидалт энэ төрлийн өвчин үүсгэх эрсдэлтэй гэж эрдэмтэд анхааруулдаг.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |