Монгол Улс хүн амынхаа дийлэнхийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулсан ч өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Гадаадын хэвлэлүүд "Израиль, Монголын синдром" хэмээн хүн амын дархлаажуулалт өндөр байгаа ч өвчлөл буурахгүй байгаа Израиль улстай адилтган Монголын талаар мэдээлж байгаа юм.
Энэ удаад "МИР 24" суваг Монголд өвчлөл буурахгүй байгаагийн шалтгааныг вирус судлаач Сергей Нетесоваас тодруулжээ.
"Насанд хүрсэн хүн амынхаа 97 хувийг вакцинд хамруулсан Монголд коронавирусийн халдвар дэгдсэн шалтгааныг вирус судлаач Сергей Нетесов тайлбарлалаа. Эрдэмтний үзэж байгаагаар вакциныг буруу тээвэрлэсэн эсвэл вакцин "дельта штамм"-ыг эсэргүүцэж чадахгүй байгаатай холбоотой гэнэ" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн, вирус судлаач Сергей Нетесеов "МИР 24" сувагт ярилцлага өгөхдөө, Монгол Улс маш бага температурт тээвэрлэх, хадгалах ёстой Пфайзер вакцинаар хүн амынхаа гол хэсгийг дархлаажуулсан хэмээжээ. Нетесовын өгүүлснээр, тээвэрлэх үед температурын горимыг мөрдөөгүйн улмаас вакцин үйлчлээгүй байж болзошгүй гэнэ.
Түүнчлэн Монгол Улсад одоо байгаа вакцинуудад тэсвэртэй "дельта" штамм тархсанаар вакцин үйлчлээгүй байж болзошгүй хэмээн вирус судлаач үзжээ.
Гэхдээ өвчлөл их байгаа ч нас баралтын үзүүлэлт төдийлөн өндөр биш байгаа нь вакцин өвчнийг хүндрүүлэхгүй байх гол үр дүнгээ үзүүлсэн хэрэг хэмээн Сергей Нетесов онцолсон байна.
Дельта штамм тархсан үед нэмэлт дархлаажуулалт хийх нь нэн чухал хэмээн эрдэмтэн онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |