ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй
2021-09-13
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа. 

 

-Шүүхийн тухай хуулийн талаар ярилцлагаа эхэлье. Шүүхийн хуулийн багц хуулийг баталснаар хамгийн гол нь шүүх болон шүүгч хараат бус ажиллах боломж бүрдсэн үү?

 

-Сүүлийн жилүүдэд шүүх улс төрөөс хараат болсон, эрх мэдэлтний халаасанд орсон, хонгил бий болсон гэх мэт шүүмжлэл олон нийтийн зүгээс их гарах болсон. Шүүгч алдаа гаргасан ч тэрхүү алдааг нь шүүгчид өөрсдөө хаацайлан өнгөрдөг байдал ч газар авсан гэхэд болно. Энэ нь эргээд шүүх засаглалын нэр хүнд нийгэмд унах гол шалтгаан болсон шүү дээ. Бид Үндсэн хуулиндаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж бичсэн хэдий ч амьдрал дээр энэ заалт алаг цоог хэрэгжиж байгааг амтай болгон л  хэлж ярьж байлаа. Шүүгч хонгил үүсгээд эрх, мэдэл, албан тушаалд үйлчлээд байна гэдэг шүүмжлэл хоосон яриа биш болохыг дээр дооргүй л мэдэж байсан. Ийм асуудал байгааг мэдсээр байж засахгүй яваад байвал ардчилал шударга ёсонд харш хэрэг болно. Аливаа нийгэмд иргэдийн хамгийн сүүлд итгэл тээн очдог газар нь шүүх. Гэтэл иргэдийн итгэлийн эцсийн тулах цэг болсон шударга шүүх байхгүй бол нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй байдал. Энэ ч үүднээс шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн. Тодруулбал, шүүгчийн эдийн засаг, улс төр, нийгмийн баталгааг нь энэ хуулиар хангаж өглөө. Шүүх, шүүгч хэнээс ч хараат бус байх Үндсэн хуулийн тулгуур заалтыг хоосон тунхаг биш бодит зарчим байлгахад энэ хууль шийдвэрлэх үүрэгтэй. Эрх зүйн хувьсгалыг, шударга ёсны хүсэмжлэлийг Шүүхийн хуулийг шинэчлэхгүйгээр гүйцэлдүүлэх ямар ч боломжгүй. Шүүхийн шинэ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд болон улс төрд нөлөө бүхий хүмүүс шүүгчтэй албан ажлаар уулзсан бол заавал тэмдэглэл хөтлөн баталгаажуулж байгууллагын нууцын ажилтанд өгдөг боллоо. Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан. Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэлээс бүрдэхээр зааж өгсөн. Нийгмийн баталгааг нь хангаж өгсөн шигээ шүүгчээс хариуцлага, ёс зүйг хуулиар хатуу шаардаж өгсөн. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн Ерөнхий Зөвлөл даруй хуралдаж Үндсэн Хуулийн Цэцэд хандан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгаж өглөө. Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй.

 

-Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, гишүүнийг томилох журам, тавигдах шаардлагыг энэ хуульд хэрхэн тусгав?

 

-Шүүх эрх мэдлийн нэр хүнд бол ерөөсөө шүүгчийн ур чадвар, мэргэшил, албандаа хандах хандлага дээр тогтдог. Зөвхөн хуулийн дагуу шийдвэр гаргадаг шүүгчийн шийдвэрээс шүүх засаглалын дархлаа хамаарна гэдэгт би итгэдэг. Ийм ч учраас шүүгчийг шилж олдог байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа тогтвортой, хэнээс ч хараат бусаар ажиллах хууль эрх зүйн орчин бүрдсэн байх ёстой. Бид 1993 онд Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагатай болсон. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд энэ байгууллагыг олон газарт харьяалуулж ирсэн. Мэдээж тэр болгонд ололттой тал бий ч алдаа хийдэл түүнээс дутахгүй их байсан. Үүнийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, өнгөрсөн үеийн алдаа дутагдлыг засаж залруулах нь Улсын Их Хурлын үүрэг юм.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн сахилгын хорооны 5 гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулж  томилох учиртай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.11-д “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах олон талын оролцоог хангасан ажлын хэсгийг байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл тус ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахлахаар тодорхой хуульчилсан.

 

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан шүүх эрх мэдэлтэй холбоотой зохицуулалт Шүүхийн тухай хуулийн төсөлд  хэрхэн тусгалаа олсон бэ. Иргэний шударга шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах баталгааг яаж хангаж өгч байгаа вэ?

 

-Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай хангах, шүүгч хэнээс ч хараат бусаар зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргадаг байх, шүүгч алдаа гаргасан бол хариуцлага зайлшгүй байх тогтолцоог бий болгох зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн түүнийг хэрхэн сонгох асуудлыг маш тодорхой тусгасан. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно.” гэж, “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана” гэсэн зохицуулалтыг оруулсан. Энэ үзэл баримтлалыг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд илүү дэлгэрүүлж, бүрэн гүйцэд тусгасан гэхэд болно.

 

-Шүүхийн үйл ажиллагаа гэхээр л хаалттай, ил тод, нээлттэй байж чаддаггүй гэж шүүмжилдэг. Энэ талын зохицуулалтууд хэр туссан бэ?

 

-Шүүхийн тухай хуульд энэ асуудлыг тодорхой зохицуулсан. Шүүх бол үнэн мөнийг дэнсэлдэг учраас тухайн асуудлыг яагаад, юуны учир ийнхүү шийдвэрлэснээ тайлбарладаг байх нь зүй ёсны хэрэг юм. Энэ ч үүднээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлээр шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх асуудлыг зохицуулсан. Түүнчлэн олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэхээр заасан. Шүүхийн үйл ажиллагааны хамгийн гол зүйл бол шүүхийн шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл шүүгч гаргасан шийдвэрээ албажуулахдаа талуудын маргаж байгаа асуудлыг дэлгэрэнгүй тодорхой бичих нь иргэдийг мэдээллээр хангахад чухал үүрэгтэй. Шүүгчид шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг бичдэггүй тохиолдол урьд нь түгээмэл байсан. Иймд үүнийг зохицуулах зорилгоор Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батлахаар хуульд заасан. Ингэхдээ шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна.” гэж тусгайлан зохицуулсан. Энэ бол шүүх нээлттэй, ил тод байх зарчмын өөрчлөлт болсон гэж үзэж байгаа. Шүүгч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг заавал тайлбарладаг байх нь хуулийг яаж хэрэглэв, хэрэг маргааныг хэр шударга шийдэв гэдгийг нь ил тод харах боломжийг олон нийтэд олгож байгаа юм. 

 

-Улсын дээд шүүхийн шүүгчдийн тооны асуудал дээр нэлээд маргаан үүсч байсан.  Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

 

-Олон улсын жишгээс харахад Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангадаг онолын шүүх байдаг. Бүх хэргийг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлдэгээс иргэн алдсан хохирлоосоо ч илүү зардал гаргасан тохиолдол байдаг юм билээ. Цаашид Улсын дээд шүүхийг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангадаг онолын шүүх рүү явах тэр хандлагыг хуульчилсан. Тодруулбал Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн гурван үндэслэлээр л хяналтын журмаар хянан шийдвэрлэж байх юм. Хэрэв энэ гурван үндэслэлийн аль нэг нь байгаа бол иргэн хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй. Хэлэлцүүлгийн явцад дээд шүүхийн шүүгчдийн тооны талаар нилээдгүй мэтгэлцээн өрнүүлж байсан ч Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөн шүүгчээс бүрдэхээр тогтсон.

 

-Шүүгчид хариуцлага тооцохтой холбоотой ямар зохицуулалтууд тусгасан бэ. Учир нь нийгэмд шүүгч нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүйн алдаануудтай холбоотой шүүмжлэлүүд үеийн үед яригдсаар ирсэн шүү дээ.

 

-Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн гол өөрчлөлтийн нэг нь яг таны наад асууж байгаа асуудал шүү дээ. Шүүгч хараат бус байна гэдэг нь хариуцлагаас бултах халхавч байж хэрхэвч таарахгүй. Хуулийн засаглалыг тогтооход шүүгч нар манлайлах чиг үүрэгтэй хүмүүс. Тиймээс “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана” гэж зааж өгсөн. Иргэн хуульд заасан эрх нь зөрчигдсөн, түүнчлэн шүүгч зөвхөн хуульд захирагдан шийдвэр гаргаагүй гэж үзвэл Шүүхийн сахилгын хороонд хандан шийдвэр гаргуулах боломж нээлттэй болсон. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд шүүгчид хориглох 40 төрлийн үйл ажиллагааг маш тодорхой зааж өгсөн. Хэрэв зөрчил гаргасан бол шүүгчид заавал хариуцлага оногдуулахаар заасан. Тухайлбал, шүүгч тодорхой шалтгаангүйгээр товлосон хурлаа цуцалдаг, шүүх шийдвэрээ гаргасан хэдий ч олон хоногоор шийдвэрээ албажуулдаггүй байсан зэрэг асуудлыг хуульд нарийвчлан тов тодорхой тусгаад байна.

 

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг зохицуулалт одоо ч маргаан дагуулсаар байгаа. Энэ талаарх хуулийн зохицуулалт хэвээр байгаа юу?

 

-Урьд нь зарим шүүгчийн хариуцлагагүй, ёс зүйгүй байдлаас шалтгаалан шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх, эрх чөлөө зөрчигдөх явдал түгээмэл байсан талаар түрүүн би дурдсан. Хуулийн дээгүүр давж алхсан тийм шүүгч нарыг дээд шатны шүүх нь хаацайлдаг асуудал ч удаа дараа гарч байсан учраас тухайн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргаж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлдэг зохицуулалтыг Улсын Их Хурал баталсан байсан. Энд нэг зүйлийг онцлон дурьдахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийг ажил, албан тушаалаас нь шууд чөлөөлөх мэт буруу ойлголт нийгэмд байсан. Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл нягтлан үзээд хэрвээ үндэслэлтэй гэж үзвэл холбогдох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн асуудлыг шийдвэрлүүлэх тийм л зохицуулалт байсан. Одоо Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уг асуудлыг бүрэн зохицуулсан тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргадаг тэр зохицуулалтыг хүчингүй болгосон.

 

-Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгч хөндлөнгийн нөлөөнд автсан, автаж болзошгүй гэсэн хардлага байдаг. Үүнийг зохицуулсан уу?

 

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын дарга, гишүүн /Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянадаг. Энэ ч утгаараа шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах эрхийг нь Монгол Улсын Шүүхийн тухай хуульд тодорхой тусгасан. Хуулийн ийм хамгаалалт хийж өгөөд байхад өөрсдөө сайн дураараа эрх мэдэлтний өрөө рүү гүйж очиж хармаанд нь ороод байж болохгүй гэдгийг хэлчихье. Дахин хэлье. Шүүгчид хуулиас өөр дарга байхгүй.   

 

-Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  шүүгчид болон АТГ-ын даргыг томилох эрх мэдлээсээ татгалзлаа. Хууль зүйн ийм боломж бий юм уу. Ерөнхийлөгч татгалзлаа гээд шууд томилохоо болих эрхзүйн орчин бий юу?

 

-Энд нэг зүйлийг тайлбарлахыг хүсэж байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр Ерөнхийлөгч шүүгчийг томилох эрх мэдлээсээ татгалзаж байгаа талаар нилээдгүй бичлээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгч томилох зохицуулалттай учраас татгалзана гэсэн ойлголт байхгүй юм.  Харин шүүгчийг шилж сонгодог, шүүгчид хариуцлага тооцдог, шүүгчийг томилдог бүхий л асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцдог асуудал нь өөрөө зохимжгүй учраас үүнээсээ татгалзаж улс төр, хууль зүй, шударга ёсны манлайлал гаргалаа гэж харж байна. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч болоод ч шүүхийн шинэчлэлийн асуудлыг тууштай дэмжсээр байгаад талархаж байна.

 

Авлигатай тэмцэх газрын даргын тухайд өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд санал болгосноор Улсын Их Хурал томилдог байсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын асуудал. Тийм учраас Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал нээлттэй сонсгол хийж томилдог шинэ жишиг тогтоод байна. Энэ нь ч зөв байх.

Эх  сурвалж: Өдрийн сонин

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин