Олон улсад алан хядах байгууллага гэж тооцогддог "Талибан" хөдөлгөөн эсэргүүцэл үзүүлж, бослого гаргаж байсан Панжшерийг есдүгээр сарын зургааны өдөр эзэлснээ зарласнаар Афганистаны бүх нутаг дэвсгэр дээр хяналтаа тогтоов. Талибуудын гарт ороогүй үлдсэн цорын ганц муж болох Панжшерт Үндэсний эсэргүүцлийн фронтынхон талибуудтай дайтаж олон өдөр нутгаа хамгаалсан ч өчигдөр ийнхүү эзлэгджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, фронтын удирдагч Ахмад Масуд бууж өгөөгүй, харин ухарсан гэх бөгөөд афганчуудад хандан талибуудыг эсэргүүцэхийг уриалсан байна. Харин энэ зуур шинэ эрх баригчид дараагийн түүхэн алхам болох Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлахад бэлдэж байгаа гэнэ. Энэ үйл явдалд зориулсан ёслолд "Талибан"-ыг дэмждэг орнуудын төлөөлөгчид багтсан гэх бөгөөд ийм орнуудын тоонд Орос ч багтжээ.
Даваа гарагийн өглөө "Талибан" хөдөлгөөний дайчид Панжшер мужийн төв Базарак хотыг эзлэн авсан юм. Талибууд захирагчийн ордны орчимд зогсож, захиргааны барилгын ойролцоо хөдөлгөөний далбааг мандуулж байгаа гэрэл зураг, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж байв.
“Бурханы ивээлээр, ард түмний ихээхэн дэмжлэгтэйгээр, улс оронд бүрэн аюулгүй байдал тогтоох гэсэн бидний хүчин чармайлт үр дүнгээ өгч, Панжшер мужийг эзлэн авсанаар энэ муж Исламын эмират Афганистаны хяналтад орлоо. Панжшерт зарим босогчдыг устгасан, үлдсэн нь зугтсан бөгөөд харин Панжшерийн хавчигдсан энгийн ард түмэн олзноос суллагдлаа” хэмээн “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн нарийн бичгийн дарга Забихулла Мужахид мэдэгдсэн юм.
Масуд бослогод уриалав
Зугтсан гэгдэх хүмүүсийн дунд “Хойд альянс”-ын домогт удирдагч, “Панжшерийн арслан” хочит Ахмад Шах Масудын хүү хээрийн командлагч Ахмад Масуд байжээ. Талибууд Панжшерийг эзэлсэн талаар зарласны дараахан Масуд Фейсбүүк хуудсандаа аудио бичлэг байрлуулсан бөгөөд энэ бичлэгт эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж, “Талибан”-ы эрх баригчдын эсрэг зогссон хэн бүрийг дэмжинэ гэжээ.
“Босож, дуу хоолойгоо хүргэж чадах хүн бүрт хандан эх орныхоо эрх чөлөө, бахархлын төлөөх бүх нийтийн бослогод та бүхнийг уриалж байна. Эсэргүүцлээ үргэлжлүүлэх зочид, нутаг нэгтнүүдтэй бид үргэлж хамт байна. Намайг үүнийг хэлж байх зуур тэд Гиндукуш, Панжшер, Андарабын хөндийд тулалдсаар байна. Бид та бүхэнтэй хамт, та бүхэнд талархаж байгаагийн дээр та бүхэнтэй мөр зэрэгцэн зогсоно” хэмээн Ахмуд Масуд мэдэгджээ.
Түүнчлэн Масуд “талибуудыг өөрчлөгдсөн гэж итгэн, улс төрийн боломж тэдэнд олгосноороо алдаа гаргасан” олон улсад хандан мэдэгдэл хийжээ.
“Талибууд огтхон ч өөрчлөгдөөгүй. Урьд өмнөхөөсөө хэт даврагч, бусдын эрх чөлөөг хавчдаг хүмүүс болсон. Цаг нь хэдийнэ ирж, та бид үүний гэрч боллоо” хэмээн Масуд мэдэгджээ.
“Аль-Арабия” сувгийн мэдээлснээр, талибууд хээрийн командлагч Масудын мэдэгдлийг олон нийтэд хүргэхийг Афганы сэтгүүлчдэд хориглосон байна. Тус улсын хоёр том хэвлэл болох Толо Ньюс болон Пэжвок агентлаг Масудын мэдэгдлийг дамжуулаагүй бол Хаама пресс агентлаг Ахмад Масудын уриалгыг багтаасан нийтлэл гаргажээ.
Үндэсний эсэргүүцлийн фронтын удирдагч Ахмад Масуд одоо чухам хаана байгаа нь тодорхойгүй. Хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар, тэрбээр отряд болон энгийн иргэдийн хамт талибууд хүрч чадахааргүй уул руу явсан байх магадлалтай гэнэ. Хэдийгээр тэд ийнхүү бууж өгөлгүй цааш тэмцэхээр мэдэгдсэн ч ийм төрлийн партизаны хөдөлгөөн гадны дэмжлэггүйгээр удаан тэсэх боломжгүй гэж ажиглагчид үзэж байна.
“Панжшерийн гүег” буюу талибуудыг эсэргүүцэгч Ахмад Масуд
Г.Бямбасүрэн
Уншиж байна |