Талибуудын нэвтрүүлсэн Шариатын хууль гэж юу вэ
2021-09-01


АНУ Афганистанаас цэргээ гаргаж эхэлснээр 20 жилийн өмнө алдсан эрх мэдлийнхээ төлөө талибууд тулалдаж, наймдугаар сарын 15 гэхэд нийслэлээ эзэлснээр Афганистанд бүрэн хяналтаа тогтоосон гэж зарлаж байв. Харин наймдугаар сарын 30-ны өдөр Америкийн сүүлчийн цэрэг Афганыг орхисноор талибууд “ялалтаа” баталгаажуулж, “Афганистан тусгаар улс боллоо” хэмээн зарласан юм. Тэд ийнхүү 20 жилийн дараа эргэн ирснээр Афганистанд шариатын хууль мөрдүүлэхээр болов. Гэхдээ Афганистан шариатын хуулийг мөрдөх дэлхийн цорын ганц орон биш. Шариат гэж юу вэ? 


Шариатын хууль гэж юу вэ? 

 

Шариат гэдэг нь исламын эрхзүйг бүрдүүлэгч дүрэм журам, зан заншлын систем бөгөөд мусульманчуудын ариун судар Корнан, зөнч Мухаммедын сургааль, номлолуудыг багтаасан сунна болон хадис дээр үндэслэгдсэн. 

Шариат гэдэг нь “зөв зам” эсвэл “усанд хөтлөх зам” хэмээх утга илэрхийлэх араб үг юм. Шариат нь хуулиудын эмхэтгэл биш харин мөргөл, залбирал, хөршүүдийн харилцаа төдийгүй хүрээлэн буй орчинтой харьцах зэрэг мусульман хүн бүрийн амьдралыг тодорхойлсон цогц агуулгатай аж. 


Шариат нь итгэл үнэмшил, сайн үйл, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, ажил хэргийн холбоо, өв хөрөнгийн маргаан гээд амьдралын салшгүй хэсгүүдийг хэрхэн бурханд нийцүүлэн үйлдэх тухай ойлголтыг мусульман хүнд өгөх юм. 

 

Шариатыг хүлээн зөвшөөрдөг орнууд

 

Ойрх Дорнод болон Хойд Африкийн олон оронд шариат гэрлэлт цуцлах, өв хөрөнгийн маргаан, эцэг эхийн эрх болон үрчлэх гээд гэр бүлийн эрхзүйд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Харин Пакистан, Афганистан, Иран, Саудын Араб болон Персийн булангийн бусад орнууд, Ирак, Йемен, Мавритани, Бруней, Сомали гэсэн орнуудад эрүүгийн хууль тогтоомжид шариатыг багтаасан байдаг аж. 


Шариатад дундад зууны үеийн шийтгэлийн хэлбэрийг ашигладаг уу? 

 

Шариатад олны өмнө чулуугаар нүүлгэх, үе мөчийг нь тайрах зэрэг биеийн шийтгэл оноох тухай заасан байдаг. Шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн хүнд хөнгөнөөс хамаарах бөгөөд 

Гэмт хэргүүд нь дараах бүлэгт хуваагддаг байна. 


“Хадд”-зохих шийтгэлийг нь тусгайлан заасан ноцтой гэмт хэрэг. Энэ ангилалд зарим төрлийн хулгайн хэрэг орох бөгөөд үүний төлөө гарыг нь тайрдаг байна. 


“Тазир”-хөнгөвтөр гэмт хэрэг. Шийтгэлийг нь шүүгчид өөрсдөө тодорхойлно. 

Судалгааны дүнгээс харахад, шариатын шүүхийн хатуу шийтгэлд хандах муслимчуудын хандлага улс орнуудад харилцан адилгүй байдаг гэнэ. Мөн дээрх төрлийн шийтгэлүүдийг исламын бүх оронд хэрэглээд байдаггүй. Гэхдээ 1996-2001 онуудад Афганистанд талибууд эрх барьж байх үед дээрх шийтгэлүүд тэр дундаа чулуу шидэх аргыг ашиглан шийтгэж байсан талаарх мэдээлэл цөөнгүй гарч байлаа. Тиймдээ ч талибууд Афганистаны засгийн эрхэнд дахин гарсан нь дэлхий нийтийн санааг зовоож байгаа юм. 


Шариатын хуулиар эмэгтэйчүүдэд юуг хориглодог вэ?

 

Судлаачдын өгүүлдгээр, Коран судар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хүлээн зөвшөөрдөг аж. Шариатаар олгогдсон эмэгтэйчүүдийн эрх тухайн үедээ л хамгийн хувьсгал, эрс шинэчлэл хийсэн өөрчлөлт байсан гэдэг. 


Эмэгтэйчүүдэд эрчүүдтэй ижил мэдлэг олж авах, нөхрөө сонгох, нөхрийнхөө өмчийг өвлөн авах, гэр бүлээ цуцлуулах /тодорхой нөхцөлтэй/ эрхтэй. Мөн эхийн амь насанд аюултай бол жирэмсний эхний гурван сард үр хөндүүлэхийг зөвшөөрдөг байжээ. 


Гэр бүл цуцлуулахад энд ихээхэн онцлогтой дүрэм үйлчилнэ. Нөхөр нь салах хүсэлтэй байгаагаа гурван удаа хэлэх ёстой. Гэхдээ ийнхүү хэлэх хооронд тодорхой хугацаа , ихэвчлэн сарын зай байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл Коран судар гэр бүлийн хосыг харилцаагаа сэргээхэд гурван сарын хугацаа өгдөг байжээ. Харин хожим нь үүнийг өөрөөр тайлбарлаж, эрэгтэй хүн гэрлэлтээ цуцлахын тулд салах тухайгаа гурав дараалан хэлэхэд болно гэж үзэх болсон байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин