Паралимп: 162 орны тамирчид 539 багц медалийн төлөө өрсөлдөнө
2021-08-24

Өнөөдөр, наймдугаар сарын 24-ний өдөр Японы нийслэл Токио хотод XVI зуны Паралимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа болно. Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх юм.

 

Энэ удаагийн Паралимпийн наадамд 162 орны 4000 гаруй тамирчин 12 өдрийн туршид 539 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд энэ нь 2016 оны Риогийн паралимпийн наадмаас 11 багц медалиар их аж. Монгол Улсын баг тамирчид зуны паралимпийн 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

 

Нээлтийн ёслол болон бусад уралдаан тэмцээн үзэгчгүй зохион байгуулагдана. Энэ нь Японд коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой юм. 

Олимпын наадмын адилаар нээлтийн үеэр улс орнууд жагсан орж ирэх бөгөөд Грек хамгийн түрүүнд, хамгийн сүүлд зохион байгуулагч Японы шигшээ баг цэнгэлдэх хүрээлэнд орж ирнэ. Энэ ёслолын жагсаалын дараа Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонхс үг хэлж, үүний араас Японы эзэн хаан Нарухито Наадам нээгдсэнийг албан ёсоор зарлах аж. 

 

Паралимпийн наадам 12 өдөр үргэлжилж, есдүгээр сарын тавны өдөр хаалтаа хийнэ. Хаалтын ёслолын үеэр Паралимпийн далбааг 2024 онд Парис хотноо наадмыг зохион байгуулах Франц улсад шилжүүлэн өгөх юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин