Барууны гэгдэх соёлыг эсэргүүцэн, шариатын хуулийг баримтлах ёстой гэж тунхагладаг, шашны нэрийн өмнөөс гэдэг ч энгийн иргэдийн эсрэг удаа дараа халдлага үйлдэж байснаасаа болоод олон улсад "алан хядах байгууллага" хэмээн тооцогддог "Талибан" хөдөлгөөн хэдхэн сарын дотор Афганистаныг бүрэн эзлэв.
2001 онд Афганистанд АНУ цэргийн ажиллагаа эхлүүлж, талибуудтай тэмцэх, тэдний нөлөөллөөс Афганыг чөлөөлөх зорилготойгоор 20 жил 193 тэрбум доллар зарцуулж, 2500 орчим цэргээ алдсан ч анхлан тавьсан зорилго нь биелээгүйгээр үл барам талибуудын ялалтаар он удаан жилийн дайн дууслаа.
Энэ оны дөрөвдүгээр сард гарсан шийдвэрийн дагуу АНУ-ын цэргүүд тавдугаар сараас эхлэн Афганистаныг орхисноор талибууд чангарч эхэлсэн юм. Улмаар долдугаар сард Талибан хөдөлгөөнийнхөн хэдхэн хоногийн дотор стратегийн гол цэгүүдийг эзлэн явсаар наймдугаар сарын 15-н гэхэд нийслэлд тулж ирэн, хотыг хэдэн талаас нь бүслэв. Афганистаны Ерөнхийлөгч Гани ойрын хүрээллийнхнийхээ хамт эх орноосоо зугтсан бол армийнхан ч аврал эрэн хөрш орнуудыг зорьсоор л. Узбек рүү Афганистаны армийн олон цэргийн алба хаагч дүрвэн тусламж эрсэн бол онгоцоор хил нэвтрэх гэж оролдоод Узбекийн талд сөнөөгдсөн онгоц ч байна.
Алдагдсан эрх чөлөө
Афганистан талибуудад эзлэгдсэний дараа ВВС агентлаг нутгийн иргэдтэй уулзан, тэд өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч байгаа талаарх сурвалжлага бэлтгэжээ. Энэ сурвалжлагад эх баригч эмч эмэгтэй, ногооны худалдаачин эр зэрэг олон хүн талибуудын ялалтын дараах өөрчлөлтийг хэрхэн тусган авч байгаа талаараа ярьсан байна.
Нурия Айя 29 настай, эх баригч. Түүний амьдардаг Тахар мужийн Ишкамиш дүүргийг талибууд эзлэн авсныхаа дараа эмэгтэйчүүдийг эрчүүдийн хараа хяналтгүйгээр ажил хийхийг хориглосон байна. Ингээд Нурия цаашид хэрхэн ажиллаж, амьдрахаа мэдэхээ болив.
Тавдугаар сарын дундуур Америкийн цэргүүд Кандагарын ойролцоох томоохон агаарын баазыг орхин явсан юм. Үүний араас л босогчид болон засгийн газрын цэргүүдийн хооронд тулалдаан эхлэв. Энэ бүхэн нь нутгийн оршин суугчдад хар дарсан зүүд байжээ.
"Хүн бүр л ихэд айж, цочирдсон байсан" хэмээн Афган-Пакистаны хил дээр орших, Аргистан дүүргийн ногооны худалдаачин 54 настай Джан Ага ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Хүмүүс гэртээ нуугдаж байсан ч талибууд тосгон бүрт нэвтэрсэн тул тэднээс нуугдах нь амаргүй байсан гэнэ. Зэвсэгт дайчид гудамжаар явж, өглөө, орой бүр айлуудын хаалгыг нүдэж, хоол нэхдэг байсан аж.
"Айл бүр тэдэнд зориулж 3-4 таваг хоол цааш тавихаас аргагүй. Мөн тэднийг хононо гээд ороод ирвэл татгалзах аргагүй л байлаа" хэмээн Джан Ага ярьжээ.
Нутгийн иргэдийн өгүүлснээр, талибууд маш олон хориг тогтоосон гэнэ. Эмэгтэйчүүд гэрээсээ гарахаар бол төрөл садангийн эрэгтэй хүнтэй л гадагш гарна, мөн биеэ бүрэн халхалсан уламжлалт хувцас өмсөх ёстой болжээ. Харин эрчүүдийг сахлаа хусахыг хориглосон бол үсчид "гадаадын" гэгдэх богино үсний засалт хийх эрхгүй болсон байна.
Талибуудад "хоёр цохилтын дүрэм" үйлчилдэг гэнэ. Тэдний хориг, хязгаарлалтыг зөрчвөл эхний удаад сануулж, хоёр дахь удаад олны өмнө доромжлон гутаах, шоронд хорих зэрэг хатуу арга хэмжээ авдаг аж. Талибууд "исламыг өөрсдийн зорилгодоо ашиглаж байна, бид адилхан муслим шашинтан ч тэдний шашин өөр" хэмээн нутгийн иргэд сэтгүүлчдэд ярьжээ.
Өмнө нь нутгийнхан баасан гариг бүр цуглан, үдэшлэг зохиож, хөгжим сонсон, дуулж хуурддаг байж. Харин одоо энэ бүхнийг бүхэлд нь хоригложээ. Мөн нутгийн иргэдээс татаас авдаг болсон байна. Коран сударт ургац эсвэл мөнгөн орлогынхоо 10 хувийг чинээлэг иргэд ядуустаа сайн дураар өглөг болгон өгөх талаар тусгасан байдаг ч талибууд үүнийг өглөг биш харин албан татвар, ядууст зориулсан биш харин өөрсдийнх нь хэрэгцээг хангах татаас болгон ашиглах болжээ.
Талибууд эзэлсэн нутаг бүрийнхээ сургуулиудыг хаасан бөгөөд сургалтын хөтөлбөр шариатын хуульд нийцсэн байх ёстой гэж үзсэний улмаас хөтөлбөр шинэчлэгдтэл ийнхүү боловсролын байгууллагууд хаагдсан байна.
1996-2001 онуудад талибууд Афганистаныг захирч байхад эмэгтэйчүүдийг сурч ажиллахыг бүрэн хориглосон, эмнэлгийн тусламж авахыг нь ч хязгаарладаг байжээ. Талибуудыг засаглалаас хөөн зайлуулсны дараа Афганы эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болж, парламентын нийт суудлын дөрөвний нэгийг ч эзлэх болсон байна. Бага сургуулиудын сурагчдын тал хувь нь охид, ахлах сургуульд 20 орчим хувь нь эмэгтэй сурагч байжээ. Афган эмэгтэйчүүдийн дундаж наслалт 57-66 болж өссөн байна. Нэг их дорвитой үзүүлэлт биш ч илэрхий өөрчлөлт байв. Харин энэ бүхэн буцаад ухрах нь.
Уншиж байна |