Токио-2020: Шинэ уриатай анхны Олимп
2021-07-24

Цар тахлаас болж хойшлогдсон, үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа гээд энэ удаагийн олимп ихээхэн онцлогтой наадам болж байна. Үүгээр зогсохгүй шинэ уриа үгтэй анхны Олимпын наадам нь Токио-2020 боллоо. 

 

Тодруулбал, Олимпын наадам нээлтээ хийхээс гурав хоногийн өмнө буюу долдугаар сарын 20-ны өдөр Олон улсын олимпын хороо шинэ уриа үгийг баталсан юм. Өмнө нь  Citius Altius Fortius буюу "Хурднаас хурдан, Өндөрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй" гэсэн уриа он удаан жил ашиглагдаж байлаа. 

 

Харин одоо "Хурднаас хурдан, Өндөрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй-Хамтдаа" гэж өөрчилжээ. "Таныг спортод төдийгүй энгийн амьдралд хүрээлж буй баггүйгээр та илүү хурдан, өндөр, хүчтэй байж чадахгүй гэдгийг илэрхийлэн уриа үгийг өөрчилсөн. Олимпын үнэт зүйл нь зөвхөн хувь хүний давуу талд биш харин дасгалжуулагч, гэр бүл, эмч гээд л тамирчныг хүрээлж буй багийн хүчинд оршиж байдаг. Хурдан явах бол ганцаараа яв, хол явах бол хамтдаа яв гэдгийг шинэ уриа үг харуулах юм " гэж Олон улсын олимпын хорооны албан ёсны төлөөлөгч Марк Адамс мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Олимпын анхны уриа үгийг Францын санваартан Анри Дидон коллежийнхоо спортын тэмцээний нээлтийн үеэр хэлж байжээ. Эдгээр үгс барон Пьер де Кубертенд ихээхэн таалагдаж, чухамхүү эдгээр үгс бүх дэлхийн тамирчдын зорилгыг тодорхойлж байна гэж үзсэн байна. Ингээд анх 1894 онд "citius, fortius, altius" гэсэн үгсийг Олимпын конгресс батлан, 1894 оны долдугаар сард гарсан Олон улсын олимпын хорооны албан ёсны хуудсан дээр хэвлэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин