15:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Эмч нар талбай дээр жагсаж байна. Надад 300 мессэж ирж, би бүгдэд нь хариуллаа. Төсвийн тодотголыг хэлэлцүүлгийн шатанд буцаан татаад, эмч нарын цалинг нэмэх төсвийг гаргах хэрэгтэй.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:
-Энэ жил коронавирусийн халдвар буурч, үндсэн тусламж үйлчилгээ нэмэхийн хэрээр цалингаа бүрэн нэмэх боломжтой гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Таныг хэлж дуусахтай зэрэгцээд мессэж ирж байна. Эмнэлгүүд цалингаа нэмж байгаа гэж худлаа. Төсвийн тодотгол дээр 500 тэрбум төгрөг нэмж, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх саналыг С.Одонтуяа гишүүн бид санал гаргасан.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
-Эмнэлгүүд дээр коронавирусийн халдварыг эмчилдэг эмч нараас бусад эмч нарын ачаалал бага. Төсвийн тодотгол хэлэлцэж байхад 500 тэрбум төгрөгийг нэмэх санал орж ирээгүй. Төрийн албан хаагчдын цалинг яах вэ? Бид тэр хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа
14:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. Ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа.
Гэвч санал хураалтын үед техникийн саатал гарч, гишүүд дахин санал хураахаар болов. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийг баталлаа.
Дараагаар нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв.
Н.Нягт
Уншиж байна |