Монгол Улс Ковид-19-т ялагдлаа, төрийн Хатан Эрдэнэ минь

Монгол Улс коронавирусийн халдварт ялагдлаа. Урьдчилан сэргийлсэн, тогтоон барьсан, тэмцсэн гэж хичнээн өөрсдийгөө магтаад ч нэмэргүй, халдварын өмнө өвдөг сөхөрч буйгаа хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Халдвар авсан иргэн эмнэлгийн хооронд явж байгаад эмнэлгийн үүдэнд амиа алдлаа. Үүнээс илүү ялагдлын баталгаа гэж үгүй. Эмнэлгийн орон дээр нас барсан 617 хүнийг энд дурдаад өнгөрье. Тэд эмнэлгийн тусламж авсан, эмч нар чадах бүхнээ хийсэн байж таараа. Харин эмнэлэг хооронд явж байгаад нас барсан хүний амийг бол нэхэхгүй өнгөрч болохгүй.
Хөрш БНХАУ-д коронавирусийн халдвар гарч, манай улсад орж ирэх нь цаг хугацааны л асуудал байлаа. Тэр үеэс Монгол Улс сүржигнэж эхэлснээс бэлтгэл хангаагүй юм байна. Тогтоон барьсан, дотооддоо алдаагүй гэж худлаа сүржигнэхээс бодит байдал дээр бэлтгэл, нөөц огт хангаагүйг иргэн бид хангалттай харж байна.
Энд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл та буруутай. Эмч нар хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаа өвчтнүүдийнхээ дунд зөөж байна. Бүр аргаа ядаад эмч нар өөрөө гэр бүл, найз нөхдөөрөө мөнгөө нийлүүлж эмнэлгээ амьсгалын аппарат авч байна. Энэ таны буруу, та ажлаа хийгээгүй, нөхцөл байдлыг урьдчилж хараагүй, бэлтгэл нөөц хангаагүй. Таны үлдээсэн баасан дээр өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан халтирч сөхөрч байна. Гэтэл та өнөөгийн Эрүүл мэндийн сайд Н.Энхболдоос хариуцлага нэхэв үү. Ичих нүүр алга уу. Гурван сая хүнд гурван уушги орлуулагч аппарат хангалттай гэж ярьж байсан хүн нь та. Харин одоо "Уушги орлуулах Экмо аппарат, амьсгалын аппарат дутагдалтайн улмаас хүний эрүүл мэнд амь нас эрсдэж байгаа гэх мэдээлэл яваад байна. Үнэхээр аппарат дутагдалтайгаас болоод хүний амь эрсдэж байгаа нь байж болохгүй зүйл шүү, С.Энхболд сайд аа" гэж УИХ-ын чуулганы танхимаас попорлоо. Хэнээс хариуцлага нэхээд байгаа юм бэ. Энэ бүх бэлтгэлийг та хийсэн байх ёстой.
Ковидтой сайн тэмцсэн гээд төрийн “Хатан Эрдэнэ”-ээр өргөмжлөгдөж байлаа. Одоо өөрөөсөө ичиж байна уу. 600 гаруй хүн амь насаа алдаж, хэдэн мянган хүн эмнэлгийн тусламжаас хол гэртээ өвдөж зовж байна, төрийн “Хатан Эрдэнэ” минь.
Өнөөдөр эрүүл мэндийн салбар сөхөрсөн. Эмч нар өргөсөн тангарагтаа уягдаж, өвчтнүүдийн өмнө зогсож байна. Халдвар нь батлагдсан хүний ойрын хавьтал болоод зургаа дахь хоногтоо шинжилгээ өгөх болоход өрхийн эмнэлэгт түргэвчилсэн тест алга. Та тестээ аваад ирвэл бид үзээд өгнө гэж байна. Захын эмийн санд 10, 20 мянган төгрөгийн үнэтэй байгаа тестийг боломжтой нэг нь аваад үзүүлнэ, үхэлтэй нь биш. Гэхдээ монголчуудын хэд нь боломжтой юм бэ. Иргэдийн ихэнх нь 20 мянган төгрөгөөр тест биш талхаа авахыг хүснэ, ядаж өлсөж үхэхгүйн тулд.
Өрхийн эмнэлэгт нь ядаж л түргэвчилсэн тест алга гээд л бод. Энэ бол бэлтгэл огт хангаагүй, нөөцгүйн энгийн илрэл. Одоо Эрүүл мэндийн яам нөөц боломж байхгүйгээ үнэхээр нь олон түмэнд зарлаад, амь амиа бод гэвэл илүү шулуун боллоо. Бид тэмцэж байна, бид хичээж байна гэж ард түмэнд горьдлого төрүүлэхээс чинь залхаж байна. Амь аварна гэж итгэж найдаж очсон эмнэлгийнхээ үүдэнд үхэж байна. Үүнээс илүү ялагдал гэж юу байхав дээ.
Манай улс дотооддоо алдаагүй гэж сүржигнэсэн хугацаандаа амьсгалын аппаратаасаа эхлээд оношлогооны тест хүртлээ бэлдэж, нөөцөлж байсан бол өнөөдөр нөхцөл байдал арай дээр байх байсан ч юм билүү. Ядаж л Д.Сарангэрэл та, би ийм нөөц үлдээсэн тэр хаана байна гэж нүүр бардам нэхэх боломжтой байлаа. Харин та энэ салбарт юу ч үлдээгээгүй учраас попрохоос өөрийг чадахгүй сууна. Эмгэнэлтэй, инээдтэй байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ