Чех: Хар салхины улмаас дөрвөн суурин сүйрчээ
2021-06-25

Зургадугаар сарын 24-ний өдөр Чехийн өмнөд хэсгийг хар салхи дайрчээ. Байгалийн гамшгийн улмаас дөрвөн суурин болон Австри, Словакийн хилээс холгүйхэн оршдог Годонин хотод олон зуун байшин барилга эвдэрч, 300 орчим хүн гэмтэж бэртсэн байна. 

 

Улмаар Чехийн эрх баригчид Бржецлав, Годонин хотуудад онц байдлын дэглэм тогтоожээ. Байшингийн нуранган дор дарагдсан олон хүн байгаа тул амиа алдсан, гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж үзэж байна. Байгалийн гамшгийн хор уршгийг арилгах ажилд хөрш орнуудаас цэргийнхэн, аврагчид, гал сөнөөгчид болон эмч нар оролцож байна.

 

"Лужице, Грушки, Моравска Нова Вес суурингуудын ихэнх хэсэг, Мукулчице суурин болно Годонин хотын хэсгийг хар салхи газрын хөрстэй тэгшиллээ" хэмээн Чехийн түргэн тусламжийн албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, 300 орчим хүн хүнд хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хүмүүс байшингийнхаа нуранганд дарагдсан тул хохирогчдын тоо өсөж магадгүй гэнэ. Байгалийн гамшиг нүүрлэсэн Чехд туслахаар Австри, Словакийн эмч, гал сөнөөгчид ирэн, ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин