Сүүлийн үед Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдаж буй "Чингис хаан" музейн барилгын зураг төсөл олон нийтийн цахим сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлээд байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Засгийн газраас “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргажээ. “Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах гэнэ. Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор болох аж.
Тус музейн барилгын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байжээ. "Чингис хаан" музейн барилгын ажилд Засгийн газраас 2020 онд 53 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин энэ онд төсөвт өртгийг нэмэгдүүлж, 62 тэрбум төгрөг болгосон байна. Барилгын бүтээн байгуулалтыг “Билгүүн Монгол” компани гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил дуусах шатандаа орж, засал чимэглэлийн ажил үджээ. Музейн оройн хэсэгт Алтдаж хийсэн Шонхор шувууг байрлуулсан байна.
Албаны хүний мэдээлж буйгаар музейн барилга хэзээ ашиглалтад орох, хэдэн үзмэр байршуулах зэрэг тодорхой мэдээллийг долдугаар сарын 04-нд олон нийтэд хүргэх аж.
Г.Мичид