У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон шалтгааныг эргэн сануулъя. Короанвирусийн халдвар авсан, төрөөд удаагүй нялх биетэй эх хүүхдийг төрөх эмнэлгээс, халдварын эмнэлэг рүү шилжүүлэхдээ углааш, дан халаадтай тээвэрлэв. Идэр есын хүйтэнд эх хүүхдийг бодсонгүй хэмээн монголчууд уур савсуулж, Улсын онцгой комиссоос хариуцлага нэхэв. Энэ бол одоогоос таван сарын өмнөх үйл явдал. Тэр үед өдөрт халдварын 10 гаруй тохиолдол батлагдаж, коронавирусээс үүдсэн нас баралт ч бүртгэгдээгүй байлаа. Нялх биетэй эхэд харгис хандсан шалтгаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь огцруулав. Хариуцлага хүлээж байгаа нь тэр. Гэхдээ тэр хариуцлага хүлээсэн огцролт Ерөнхийлөгчийн сонгуулийн трейлер байсныг бид харсан. Гэхдээ энэ гол асуудал биш.
Өвлийн хүйтэнд нялх биетэй эмэгтэйг дан хувцастай гадаа гаргасан шалтгаанаар Засгийн газар огцорч байв. Тэгвэл одоо жирэмсэн хоёр эмэгтэй коронавирусийн халдвараар нас барчихлаа. У.Хүрэлсүхийн гаргасан жимээр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын огцрох хангалттай шалтгаан бий болсон гэсэн үг.
Төрсөн эмэгтэйг дан хувцастай гадаа гаргасан асуудал бол хэвлий дэх үртэйгээ хамт хорвоог орхисон эмэгтэйчүүдийн дэргэд өчүүхэн шалтгаан. Өөрөөр хэлбэл тэр асуудал Засгийн газар огцрох шалтаг төдий байсан бол одоо жинхэнэ шалтгаан үүсээд байна. Коронавирусийн халдвар авсан 1152 жирэмсэн эмэгтэйн 12-ын биеийн байдал хүнд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. 12 эмэгтэй, тэдний хэвлий дэх үрс үхэл амьдралын заагт байгаа гэсэн үг. Энэ бол Эрүүл мэндийн салбарын удирдлага, Улсын онцгой комисс, Засгийн газраас хариуцлага нэхэх хангалттай шалтгаан мөн.
“Хуучин” Ерөнхийлөгч Х.Баттулга нь хэдэн мянган хүнд одон гардуулж, “шинэ” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь сонгуульдаж явсаар хэдхэн хоногийн дотор халдварыг эх захгүй болголоо. Өдөрт 2000 даван илэрч, нас баралт ч 10-аас буухгүй болов. Монгол Улсын 361 иргэн халдвараар амь насаа алдлаа. Гуравхан сая хүнтэй Монгол 300 гаруй хүнээ алдчихлаа. Энэ бүхэн төрийн тэргүүнээс эхлээд Засгийн газрын удирдлагаас хариуцлага нэхэх хангалттай шалтгаан болно. Энд Х.Баттулга ч буруутай, буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэж тэр баруун солгойгүй одон тарааж, олныг бөөгнөрүүлсэн. Бөөгнөрөх шалтгааныг ч бий болгосон. Одонгийн найранд очсон хүмүүс халдварын голомт болсон мэдээлэл ч бий.
Улсын хилээ нээж, жуулчин хүлээн авна гэж хөөрцөглөсөн Монголоос дэлхий дөлж эхлэв. АНУ-аас эхлээд улс орнууд иргэдээ Монгол руу зорчихгүй байхыг сануулж, халдварын улаан бүс болчихсон хэрнээ сонгуульдаж, наадам зохион байгуулах тухай ярьж байна. Юун ковидгүй зун, юун наадам.
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болгож, шаардлагагүй цагт урт хугацааны хөл хорио тогтоож, иргэдийг залхаасан. Удаан хугацаанд хөл хорионд байсан олон нийт бужигнах нь тодорхой. Засгийн газар вакцин олж ирж, тарьж сайн ажиллаж байхад иргэд зах замбараагүй байснаас халдвар газар авсан гэж буруутгах л дутуу байна.
Халдварыг хяналтаас аль хэдийнэ алдсаныг өдөрт илэрч буй тохиолдлын тоо хангалттай харуулна. Хамгийн аюултай халдвар хүүхэд, жирэмсэн эхчүүдэд илүү халтай болж, амь насаар нь хэмжигдэж эхэллээ.
Ямар ч байсан монголчууд удирдагчдаас хариуцлага нэхэх цаг ирсэн. Дан хувцастай эхээс болж хариуцлага хүлээж байсан сайд, дарга нар эмэгтэйчүүд хэвлий дэх үртэйгээ хамт хорвоог орхиж байхад тоолоод суухгүй байлгүй. Иргэд, хүүхдүүд гэртээ, эмнэлэгт олон олноороо өвдөж, зовж, үхэл амьдралтай тэмцэлдэж байна. Улс төрийн хоржоон бус ул суурьтай хариу арга хэмжээ монголчуудад хэрэгтэй байна.
В.Бат