Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өндөрлөлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас АН-ын экс дарга С.Эрдэнэ, ХҮН-аас УИХ-ын экс гишүүн Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдсөн. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх бусад өрсөлдөгчөөсөө давуу санал авч, ялалт байгуулаад байна. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд байгаа 2087 хэсгийн хорооноос ирүүлсэн урьдчилсан дүнг нэгтгэсэн байдлаар:
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 819,128 санал
"Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242,629 санал
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72,269 санал тус тус аваад байна.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгуулийн урьдчилсан дүн гарахтай зэрэгцээд "МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 хувийн саналаар ялалт байгуулж байна. Энэ бол асар их хариуцлага. Итгэл найдвар үзүүллээ, ард түмэн. Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо эв нэгдлийн төлөө, сайхан ирээдүй бүтээхийн төлөө чөмгөө дундартал ажиллана. Хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа баярлалаа. Маш зардал багатай сонгууль болсон. Хоёр нөхөртөө гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монголынхоо ард түмэнд чинь сэтгэлээсээ талархлаа. Монгол Улсын төлөө зүтгэе3 хэмээн намын төв байран дээрээ хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдсэн. Өрсөлдөгч хоёр нэр дэвшигчийн зүгээс мэдээлэл хийх тов гараагүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар "Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана." гэсэн заалттай.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдлоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрх эдэлнэ.
Ухнаагийн ХҮРЭЛСҮХ-ийн товч намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2017 оноос Монгол Ардын Намын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ:
Алтан гадас одон
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ:
Англи, Орос
Н.Энхлэн