COVID-19: АНУ-д вакцинд хамрагдсан насанд хүрэгчид марихуан авах эрхтэй
2021-06-09

Дэлхий даяар коронавирусийн цар тахалтай тэмцэхээр хөл хорио, хязгаарлалт, дархлаажуулалтын аргыг хэрэглэн, үүний дүнд эдийн засаг, хил хязгаараа нээсээр байгаа юм. Анх коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш дэлхийн 175 сая хүн энэ халдвараар өвчилж, 3.8 сая хүн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ. 

 

Ахмад настнуд дархлаажуулалтыг хөнгөн давж байна 

 

"Ахмад насны хүмүүс дархлаажуулалтыг хөнгөн, сөрөг хариу урвалгүйгээр давж байна. Энэ нь организмын дархлааны хариу үйлдлийн онцлогуудтай холбоотой" гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдэгджээ.

 

Оросын хэрэглэгчийн хяналтын газрын онцолсноор, вакцины эхний тунгаас хойш 42-45 хоногийн дотор бүрэн дархлаа тогтох хэдий ч эсрэг биет боловсруулагдах хүртэлх хугацаанд олон хүнтэй газраас зайлсхийх, эмнэлгийн зориулалттай амны хаалт зүүх, гараа  тогтмол угаах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх ёстой аж.

 

Вакцины урамшуулал -марихуан 

 

АНУ-ын Вашингтон мужид коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан насанд хүрсэн иргэн бүр марихуаны ороомгийг үнэ төлбөргүй авах боломжтой болжээ.

Ийм шийдвэрийг Согтууруулах ундаа, каннабисын худалдааны мужийн зөвлөл гаргасан бөгөөд хүн амыг олноор нь вакцинд хамруулах зорилгоор ийм алхам хийсэн талаар The New York Times сонин мэдээлсэн байна. Харин марихуан татдаггүй хүмүүс шар айраг, дарс эсвэл коктейл авч болох гэнэ.

 

Энд дуулгахад, АНУ-ын Вашингтон муж насанд хүрсэн буюу 21-ээс дээш насныхныг биедээ бага хэмжээний марихуан авч явахыг зөвшөөрсөн хуулийг 2012 онд батлаж байв. Энэ мужид хатуу хяналттай, тусгай дэлгүүрүүдэд марихуан худалддаг юм байна.

 

Франц Европын жуулчдыг хүлээн авна 

 

Европын холбооны гишүүн орнуудын иргэд вакцинд хамрагдсан бол PCR шинжилгээний сөрөг хариу үзүүлэх шаардлагагүйгээр өнөөдөр буюу зургадугаар сарын есний өдрөөс эхлэн Франц улсын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжтой болж байна. Жуулчдын зорчих хөдөлгөөнийг сэргээхдээ гуравдагч орон дахь халдварын тархалтын нөхцөл байдал, вакцинд хамрагдсан эсэхийг харгалзан үзсэн байна. 

 

Үүнтэй холбоотойгоор, дэлхийн орнуудыг гурван бүлэгт хуваажээ. "Ногоон" бүлэгт Европын холбоо, Австрали, Өмнөд Солонгос, Япон, Ливан, Сингапур, Шинэ Зеланд, Израиль улс багтсан байна. Эдгээр орнуудаас ирэхэд коронавирусийн шинжилгээ шаардагдахгүй аж. 

 

Хоёр дахь буюу "улбар шар" бүлэгт "вирус тархсаар байгаа ч нөхцөл байдал хяналтад байгаа, аюул заналхийлсэн штаммууд илрээгүй" орнууд багтжээ. Энэ бүлэгт АНУ, Их Британи, Орос зэрэг улсууд багтсан байна. Эдгээр орнуудаас ирэх жуулчид вакцин тариулсан байсан ч шинжилгээний хариу үзүүлэх шаардлагатай аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
мансууруулах бодис
2021-06-09
үнэн:
Марихуан хойно татаж л явлаа, юугаараа тамхинаас өөр юм ойлгоочгүй
2021-06-09