МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Тэгвэл Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг аваад зугтсан гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатараас тодрууллаа.
Тэрбээр, "Тавдугаар сарын 28-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас Н.Түвшинбаярыг түдгэлзүүлсэн. Учир нь ОУОХ-ноос МҮОХ-нд удаа дараа бичиг ирүүлсэн. Хамгийн сүүлийн бичигт “МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ямар ёс зүйн хариуцлага тооцох вэ? Хэрэв хариуцлага тооцож чадахгүй бол ОУОХ-ны ёс зүйн хороогоор авч хэлэлцэнэ” гэсэн.
Харин тавдугаар сарын 27-нд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орохоо мэдэгдэж, сайтын нууцлалыг өөрчилж, ОУОХ-нд ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидал илгээсэн. Гэвч хариуд нь ОУОХ-ноос "Ес зүйн ямар хариуцлага тооцсоноо мэдэгд. Хэрэв шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол ОУОХ-ны ёс зүйн дүрмээр хэлэлцэнэ” гэв.
Ингээд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэг ажлаас нь түдгэлзүүлсэн. Энэ хурлын үеэр тамгаа аваад явсан байсан. Шаардах хуудас, мэдэгдэл хүргэсэн. Одоо болтол буцааж өгөөгүй байна. Тамга өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана.
Хэрэв уг шийдвэрийг гаргаагүй байсан бол Монгол Улсын тамирчид зуны олимпт цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн" гэлээ.
М.Насан