Цаг уурын байгууллагаас зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг гаргасан байна. Энэ сард нутгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, мөн нэгдүгээр арав хоногийн сүүл хоёрдугаар арав хоногийн эхээр хэт халалт ажиглагдах магадлал өндөр байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх нутаг, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар сэрүүснэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн өмнөд, Өвөрхангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 2-4°С-аар сэрүүснэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтийн ихэнх нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Уншиж байна |