Эхлээд гуравхан баримд дурдъя.
Баримт-1: Таван настай хүүхэд усанд живлээ
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голд таван настай хүүхэд осолдлоо. Нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүүхдийн цогцсыг хоёр өдрийн дараа олов. Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өглөө.
Баримт-2: Нэг настай хүү живж амиа алдлаа
2021 оны 05 дугаар сарын 20-ны 18:30 цагт Сэлэнгэ аймгийн Шаарам сумд Орхон гол руу Тоёота Карина маркийн автомашинтай 3 хүн орж, осолдсон хэрэг гарлаа. Ослын улмаас 42 настай эмэгтэй У, 42 эрэгтэй Б, 1 настай Т нар живж, нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдлээ. Ослын шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Баримт-3: Нэг ой 7 сартай хүүхэд эндлээ
2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хоолой худаг” гэх газар тус сумын иргэн Б нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, нэг ой 7 сартай хүүхэд нас барсан хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
Энэ бүх осол хэргийг согтуу эцэг эх үйлдсэн. Тэд архидан согтуурч байхдаа хүүхдийнхээ амь насанд халдсан. Энэ хорвоод хүн болж ирснээ ч ойлгож амжаагүй бяцхан зүрхнүүдийг эцэг эх нь өөрсдөө зогсоосон. Голын эрэг дээр архидан согтуурч хүүхдээ усанд живүүлсэн. Бас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүүхдээ алсан.
Хамгийн харамсалтай нь бяцхан үрсийн амийг хэн ч нэхэхгүй. Эцэг эх нь өөрсдөө амь насыг нь хөнөөчихсөн. Товчхондоо хариуцлагагүй, ухамсаргүй эцэг эхийн үр болон энэ хорвоод ирсэн тэр хүүхдүүдийн амины хохь болоод өнгөрнө гэсэн үг. Үр хүүхдийнхээ төлөө үүрэг хариуцлага хүлээж буйгаа ухамсарладаг байсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, бүр гол ус руу орохгүй байсан. Гэвч тэд тэгсэнгүй. Ганцхан настай бяцхан хүүгээ хайрлаж, хамгаалах сэтгэл, ухамсар байсангүй.
Хариуцлагагүй, хайхрамжгүй, согтуу эцэг эхийн гайгаар жилд олон олон хүүхэд хорвоог орхидог. Зөвхөн зам тээврийн ослоор гэхэд энэ он гарсаар 11 хүүхэд эндээд байна. Тэдний цөөнгүй нь согтуу эцэг эхийн хариуцлагагүй үйлдлийн золиос болж амь насаа алдсан. Цаана нь хойд эцэг эхдээ дарамтлуулдаг, гадуурхагддаг, зодуулдаг олон олон хүүхэд зовж байгаа.
Өвдөж, зовж, хэцүү байгаагаа хэлж ойлгуулж чадахгүй бяцхан үрсийг хайрлаж, хамгаалах, халамжлах үүргийг эцэг эхчүүд хүлээдэг. Гэвч энэ үүргээ ухамсарлаагүй олон олон эцэг эхчүүд хүүхдийнхээ амь насыг өөрийнхөө гараар тасалж байна. Халаглахад ч багадам.
В.Бат
Уншиж байна |