Дэлхийн улс орнууд коронавирусийн цар тахалтай тэмцэж, халдвараас үүдэлтэй хязгаарлалтын улмаас дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэн, энэ хямралыг даван туулах гэж тэмцэж байх зуур улс төр, нийгэм, хоёр талын харилцаа хурцадсан улс орнууд байсаар байна.
Тэдгээрийн нэг нь өнө эртнээс сөргөлдөөнтэй байсаар ирсэн Израиль-Палестин улс юм. Араб, еврейчүүдийн хооронд үүссэн сөргөлдөөнөөс үүдэлтэй эмх замбараагүй байдал өдгөө энэ хоёр улсыг дайны байдалд хүргэж, хоёр тал харилцан пуужингаар харваж, агаараас цохилт өгөн, хүний амь нас, эд хөрөнгийн хохирол өдөр бүр гарсаар байна.
Дэлхийн тэргүүлэгч улс орнууд энэ хоёр талд хандан хурцадмал байдлыг намжаахыг удаа дараа уриалж, сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар талууд хэлэлцээр хийж эхэлсэн юм. Дараагийн алхамыг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон хийлээ. Тодруулбал, Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг тогтоол гаргахыг тэрбээр уриалсан байна.
Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сиси болон Иорданийн хаан II Абдаллатай уулзах үеэрээ Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Израиль-Палестины сөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн энэхүү сөргөлдөөнийг зохицуулах тогтоолын төслийг Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулсан байна.
Энэ асуудлаар Макрон Тунисийн Ерөнхийлөгч Каис Саидтай уулзжээ.
"Төрийн тэргүүнүүдтэй уулзах үеэрээ Францын Ерөнхийлөгч нөхцөл байдал хүндэрч, сөргөлдөөн даамжран, хүчирхийлэл хурцдах эрсдэлтэй, улмаар хэт олон хүний амь нас үрэгдэж болзошгүйд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийллээ" хэмээн Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд онцолсон байна.
Эмманюэль Макрон хэлэлцээ хийх үеэрээ "Хамас" -ын үйлдлийг шүүмжилж, энэ бүлэглэлийн үйлдлээс болж Палестины энгийн номхон ард иргэд олноор амиа алдаж байгааг онцолжээ.
Их Британи, ОХУ, БНХАУ, Франц, АНУ гэсэн таван улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн бөгөөд Франц ийнхүү Израиль, Палестины сөргөлдөөнийг зохицуулах тогтоолын төслийг оруулсан талаар Хятадын тал мэдээлэл авсан гэж НҮБ-ын дэргэдэх Хятадын суурин төлөөлөгч Жан Жюнь мэдэгдсэн байна. БНХАУ хямралыг зогсоож, Ойрх Дорнод дахь энх тайвныг хангах хүчин чармайлтыг дэмжиж байгаа хэмээн тэрбээр мэдэгджээ.
Өмнө нь АНУ сөргөлдөөнийг зохицуулах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол батлах ажлыг гурвантаа зогсоож байлаа. Америкийн ардчилагчид энэ асуудлаар байр сууриа өөрчлөхийг Ерөнхийлөгч Жо Байденд уриалсаар байгаагийн дээр Еврейн улсын асуудалд хэт ёсорхож байгааг нэг намынхан нь шүүмжилж байгаа юм.
Араб-Израилийн дайн
Израиль, Палестины сөргөлдөөн өнө эртнээс эхтэй. Орчин цагийн түүхийн тухайд гэвэл, 1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврейн хоёр улс болгосон нь арабуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. 1948 онд Израиль улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израиль руу довтолсон ч израильчуудад Англи, Францын талаас дэмжлэг үзүүлж байсны ачаар Израилийн цэрэг Арабын цэргийг бут цохиж, Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Синайн хойгийг хяналтандаа авсан юм. Үүнээс хойш Араб-Израилийн сөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байгаа юм.
1964 онд Палестины Чөлөөлөх Байгууллага байгуулагдсан. 1968 оны гуравдугаар сард Йордан дахь Палестины чөлөөлөх байгууллагын бааз руу Израилийн цэргүүд довтолсноор Араб-Израилийн хоёр дахь дайн эхэлж байв. 1969 оны "Зургаан өдрийн дайн"-аар Израиль улс Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Голланы өндөрлөг зэргийг арабуудаас эзлэн авсан. 1970 онд Палестины чөлөөлөх байгууллагын дайчид Йорданоос Израилийн нутаг руу цөмөрч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дүрвэн гарсан байна. Сири улс нь Палестины чөлөлөх байгууллагыг идэвхтэй дэмждэг орон байсан. Израиль 1973 онд Египет, Сири, Йордан луу нэгэн зэрэг түрэмгийлсэн бөгөөд 1982 онд Израилийн цэрэг Ливаныг эзлэн авсан юм. Анх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тогтоож өгсөн 14,1 мянган км.кв нутаг дээр 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |