Пабло Пикассогийн "Цонхны хажууд сууж буй эмэгтэй" ("Мари-Терез") бүтээл Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 103,4 сая ам.доллар (shuud.mn: монгол мөнгөөр 265,6 тэрбум төгрөг)-аар зарагдсан талаар Christie's дуудлага худалдааны газар Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Дуудлага худалдаа 19 минут үргэлжилсэн бөгөөд тавдугаар сарын 14-ний өдөр дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрч зарагдсан нь Пикассогийн энэхүү бүтээл болсон байна.
Зураг дээр Пабло Пикассогийн дурлалт бүсгүй, орчин үеийн урлагийн түүхэн дэх хамгийн алдартай дагинасын нэг Мария-Тереза Вальтер дүрслэгджээ. Хөргийг зотон дээр тосон будгаар зурсан, 1932 онд бүтээгдсэн энэ зураг 146х114 см хэмжээтэй юм. Энэ зураг Мари-Терезийн цуврал хөргүүдийн нэг бөгөөд одоогоос 8 жилийн өмнө дуудлага худалдаагаар 50 сая ам.доллараар үнэлэгдэж байв.
Пабло Пикассогийн энэхүү зургаас гадна баасан гарагт болсон дуудлага худалдаагаар Ван Гог, Пит Мондриан, Марк Ротко, Энди Уорхол, Марк Шагал нарын бүтээлүүд зарагджээ. Марк Роткогийн 1970 онд бүтээгдсэн "Нэргүй" зураг 38,1 сая доллар хүрсэн бол Винсент Ван Гогийн "Тринкветайлын гүүр" зураг 37,4 сая ам.доллараар зарагдсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |