Сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол, нас баралтын тоо эрс нэмэгдэж байгаа Энэтхэг улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тус улсад тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, улсын эмнэлэгт оргүй, хувийн эмнэлэгт мөнгөгүйн улмаас эмчлүүлж чадахгүй байгаа иргэд олноор амиа алдаж, төрөл төрөгсөд нь оршуулах ч зардалгүй тул Энэтхэгийн ариун мөрөнд тооцогддог Ганга гол руу коронавирусийн халдвараар нас барсан хүмүүсийн цогцосыг хаях хүртлээ байдал дорджээ. Нөхцөл байдал хүндрээд ихээхэн хугацаа өнгөрчхөөд байхад сонгууль явуулж, хүмүүсийг олноор нь цуглуулж байсан Энэтхэгийн Засгийн газрыг иргэд нь шүүмжилсээр байгаа ч байдал төдийлөн дээрдэхгүй байна.
Энэтхэгийн Ганга мөрний эрэг дээр коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн цогцос шидэгдэн гарч ирсэн талаар тус мужийн төлөөлөгч Ашок Кумар AFP агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тодруулбал, Энэтхэгийн хамгийн ядуу буурай хоёр муж болох Бихар болон Уттар-Прадешийн хоорондын хилээс холгүй орших Буксар дүүрэгт 40 орчим цогцос хаягдсан байгааг олсон байна. Зарим хэвлэлийн мэдээлснээр, Ганга мөрний эрэг дээр шидэгдсэн цогцоснуудын тоо 100 хүрсэн байж болзошгүй гэнэ. Цогцсуудын зарим нь хөөсөн, хэсэгчлэн шатсан байсан бөгөөд хэдэн өдрийн туршид голд байсан байж болзошгүй гэж зарим албаныхан мэдээлснийг хэвлэлүүд иш татжээ.
Нутгийн иргэд ВВС агентлагт мэдээлэл өгөхдөө, чандарлах газрууд усанд автсан эсвэл төрөл төрөгсөд нь чандарлах мод авах мөнгөгүйн улмаас Ганга мөрөн рүү цогцосыг хаясан байж болзошгүй гэж таамагласан байна.
"Хувийн эмнэлгүүд хүмүүсийг дээрэмдэж байна. Эгэл хүмүүст ламд өргөл өгөх эсвэл чандарлах мөнгө байхгүй. Оршуулах ёслол гүйцэтгэгчид ердөө түргэн тусламжийн машинаар цогцос зөөхийн төлөө 2000 рупий (shuud.mn: монгол мөнгөөр 71,2 мянган төгрөг) нэхэж байна. Тиймээс мөнгөгүй болсон хүмүүс төрөл төрөгсдийнхөө цогцосыг хаях цорын ганц газар нь Ганга мөрөн болчихоод байна. Ийм л учраас хүмүүс цогцосыг гол руу хаяж байгаа" хэмээн нутгийн оршин суугч ВВС агентлагт ярьжээ.
Өдрөөс өдөрт хүндэрсээр байгаа нөхцөл
Энэтхэгт коронавирусийн шинэ мутациас үүдэлтэй халдвар эрс өсөж, нас баралт нэмэгдэж байгаад хяналт тавьж чадахгүй байна хэмээн оршин суугчид нь Засгийн газраа шүүмжилсээр байна. Энэ сарын эхний долоо хоногт гэхэд л Энэтхэгт 1,57 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, тавдугаар сарын долооны өдөр хоногт 414 мянган шинэ тохиолдол илэрч, 4000 хүн амиа алдсан нь сүүлийн өдрүүдийн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Гэхдээ энэ мэдээлэл ч баттай биш, албан ёсны мэдээллийг ихээхэн дарж, тоог бууруулж мэдээлж байгаа гэж Энэтхэгийн шинжээчид үзэж байгаа аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхээс нааш бусад арга хэмжээ халдварыг бууруулахад төдийлөн нөлөөлж чадахгүй байгаа гэнэ.
Төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг, “дэлхийн эмийн сан” гэгддэг Энэтхэгт вакцинжуулалтын ажил гацаанд орчхоод байгаа юм. Энэ улс коронавирусээс сэргийлэх вакцины хангалттай тунг үйлдвэрлэж чадахгүй байгаа бөгөөд 1,3 тэрбумтай энэ улсад одоогийн байдлаар 157 сая тун вакцин л ашиглажээ. Харьцуулвал, 450 сая хүн амтай Европын холбоонд 150 сая тун тариаг хэдийнэ хийчихсэн байгаа юм.
DW агентлагийн мэдээлснээр, Энэтхэгт өдөрт 2,5 сая тун вакцин хийж байгаа бөгөөд Энэтхэгийн эрх баригчид энэ тоог таван саяд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ. Хэдийгээр одоогийн вакцинжуулалтын хурдыг хоёр дахин нэмж, таван саяд хүргэсэн ч бүх хүн амыг вакцинжуулахад нэг жилийн хугацаа шаардлагатай гэж Энэтхэгийн шинжээчид тооцоолжээ.
Вакцинжуулалт ийнхүү хангалттай хурдтай байж чадахгүй байгаа үед халдвар авсан хүний тоо хурдтайгаар өсөж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүчилтөрөгчийн хомстол аюулын төвшинд хүрчээ. Энэтхэгийн Карнатак мужийн нэгэн эмнэлэгт хүчилтөрөгчийн хомстлын улмаас 24 өвчтөн нас барсан байна. Халдварын тархалт хамгийн өндөр бүс нутагт тооцогдож байгаа нийслэл Нью-Делид мөн л хүчилтөрөгч хүрэлцээгүйн улмаас 12 өвчтөн нас барсны дотор эмч багтаж байгаа гэнэ.
Нөхцөл байдал ийнхүү гамшгийн хэмжээнд хүрсэн тул Энэтхэгийн шүүх энэ асуудалд оролцон, Засгийн газар болон мужуудын эрхм баригчдыг цар тахалтай тэмцэхэд бүтэлгүйтсэнийх нь төлөө сануулга өгсөн байна. Тавдугаар сарын долооны өдөр Энэтхэгийн Дээд шүүх Нарендра Модигийн засгийн газарт эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь шалгаж, вакцинжуулалтын үндэсний хэмжээний бодлого боловсруулахыг үүрэг болгожээ. Түүнчлэн Нью-Дели хот руу нийлүүлэх хүчилтөрөгчийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгожээ.
Энэтхэгийн шинжээчид тус улсад халдвар буурахгүй байгаад хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, өнөөдөр өрнөж буй үйл явдалд бэлтгэхэд Энэтхэгийн Засгийн газарт бүтэн жилийн хугацаа байсан ч төсөвтөө эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг тусгаагүй гэж Энэтхэгийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх Вандана Прасад DW агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүний өгүүлснээр, Энэтхэгийн эрүүл мэндийн салбар өнөөдөр энгийн хэрэгцээг ч хангаж чадахааргүй дордсон, коронавирус болон бусад төрлийн өвчний дэгдэлтийг тогтоон барихын тулд эрүүл мэндийн салбартаа ихээхэн хөрөнгө оруулах шаардлагатай гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар Энэтхэг ДНБ-ийнхээ таван хувийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулснаар энэ салбарыг аврах боломжтой аж.
Улс төрийн ашиг сонирхлоо эрүүл мэндээс тэргүүнд тавьсан нь
Энэтхэгт коронавирусийн халдварын дэгдэлт эрс нэмэгдсэн нь эрх баригчдын “ухаангүй” шийдвэртэй холбоотой гэхэд болно. Тус улсын эрх баригчид хурим, олон нийтийн арга хэмжээ, шашны ёслолуудыг огт хориглоогүй байсаар саяхныг хүрсэн юм. Тэр дундаа улс төрийн жагсаал цуглаан олноор болж, орон нутгийн сонгууль явуулахаар иргэдийг олноор нь цуглуулж байснаас үүдэн халдвар эрчимтэй тархжээ.
Өнөөдөр тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа мужуудын нэгд Баруун Бенгали тооцогдож байгаа бөгөөд энэ мужид саяхан найман шаттай сонгууль өндөрлөсөн юм. Энэ сонгууль болохоос өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон бусад улс төрчдийн оролцсон олон нийтийн жагсаал цуглаан болсон нь энэ мужид халдвар эрчимтэй тархах нөхцөл болсон гэж шинжээчид үзэж байна.
Улмаар Энэтхэгийн шүүгчид тус улсын Сонгуулийн комиссыг улс оронд үүссэн цар тахлын хоёр дахь давалгааг үл хайхран, сонгуулийн өмнөх жагсаал цуглааныг зөвшөөрснийх нь төлөө эрс шүүмжилж байв. Тэд сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлыг “сүүлийн сарууд дахь хамгийн хариуцлагагүй үйлдэл” хэмээн буруушаасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |