Энэтхэгт ховор төрлийн халдвар дэгджээ
2021-05-10

Энэтхэгт коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ховорт тооцогддог мукормикоз гэх мөөгөнцрийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа талаар India Today мэдээлжээ. Мукормикоз нь коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд болон энэ өвчнөөс эдгэрээд удаагүй хүмүүст илүүтэй оношлогдож байгаа талаар Энэтхэгийн эрдэмтэд өгүүлсэн байна. 

 

Энэтхэгийн Анагаахын боловсрол, судалгааны хэрэг эрхлэх газрын мэдээлснээр зөвхөн Гужарат мужид гэхэд л сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд дээрх мөөгөнцрийн халдварын 100 гаруй тохиолдол илэрч, хэд хэдэн өвчтөн энэ халдварын улмаас хараагүй болжээ. Улмаар энэ мужид халдвар авсан хүмүүст зориулсан тусгай тасгуудыг эмнэлгүүдэд нээж, мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэлийг ихээр худалдан авч байгаа гэнэ. Харин Махараштра мужид коронвавирусийн халдвар аваад эдгэрсэн найман хүн мукормикозын халдвар авсны дараа хараагүй болжээ. 

 

Энэтхэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Полын мэдээлснээр, коронавирусийн халдвартай өвчтөнийг уушгины хиймэл амьсгалын аппаратад залгасан үед дээрх төрлийн халдвар авах эрсдэл нэмэгдэж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Энэтхэгт коронавирусийн халдварын тохиолдол 22,3 саяыг давсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Сүүлийн үед нөхцөл байдал нэн хүндэрч байгаа Энэтхэгт коронавирусийн халдварын улмаас 242 мянга гаруй хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин