Парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, “Зөв хүн” элекотрат” эвслээс нэр дэвшигчээ тодруулах өрсөлдөхөр болж, харин МАХН эрх баригч хүчинтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан нэгдлээ.
Ингэснээр эрх баригч хүчнээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, “Зөв хүн-элекорат” эвслээс УИХ-ын экс гишүүн Д.Энхбат нар нэрыг нэр дэвшүүлэхээр болсноо өчигдөр зарлаж, холбогдох материалыг ҮАГ-т хүргүүллээ.
Шинэ Монголыг цогцлооход хийрхэл биш шийдэл хэрэгтэй
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг МАН-ын Удирдах зөвлөл, бага хурлаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихүүлэхээр гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. 2020 оны УИХ-ын сонгуульд намдаа үнэмлэхүй олонхийн суудал авч, ялалт байгуулсан гавьяа У.Хүрэлсүхээр хаяглагдана. Сонгогчид МАН-ыг гэхээсээ У.Хүрэлсүхийг эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн, хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлнэ гэсэн итгэл хүлээлгэж, журмын нөхөдтэй нь хамт парламентад сонгосон. Харин цар тахлын халдвар дотоодод тархсан үед Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, хариуцлагаас зугтсан шүүмжлэл өнөөдөр олон нийтийн дунд хүчтэй өрнөж байгаа.
Ямартай ч МАН-ын гишүүдээсээ чанга алга ташилтаар магтуулж, зургийн фон болон гялалзаж, нэр дэвших мандатаа намируулан батламжууллаа. Харин ард түмний ажиглалт, МАН-ын гишүүдийн алга ташилт тэнгэр газар шиг тусдаа асуудал.
Ирэх өдрүүдийн сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын итгэлээс бүх зүйл хамаарна. Шинэ Монголыг цогцлооход хийрхэл биш шийдэл хэрэгтэй.
Нэр дэвшигчээ "хорлох" сөрөг хүчний талцал
Сөрөг хүчин АН Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо ч эвлэлдэж чадаагүйг хоёр нэр дэвшигч тодруулснаас харагдаж байна. Намын даргын сунгааг хоёр талцан зохион байгуулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон. УДШ-ээр батлуулаагүй нэг намын хоёр дарга тус тусдаа хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хуулийн хугацаанд тодрууллаа. М.Тулгатын талаас АН-ын дарга асан С.Эрдэнийг, О.Цогтгэрэлийн талаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр дэмжив. Хоёр тал тус тусдаа нэр дэвшигчдийнхээ материалыг ҮАГ-т хүргүүллээ. Харин ҮАГ АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, СЕХ-ны шийдвэр гартал хяналтын ажлаа түр түдгэлзүүлнэ гэсэн тайлбар хийв.
Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нам нэг нэр дэвшигчийг тодруулах ёстой. Харин нэр дэвшигч материалаа ирүүлсэн бол хүлээж авах нь аудитын газрын үүрэг. Гэхдээ сонгуулийн төв байгууллагын шийдвэрээр нэг л нэр дэвшигчийн материалыг хянана. Хууль бол хууль, улстөр биш.
Сөрөг хүчний тухайд дотооддоо асуудлаа шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ч сөрөг нөхцөл бүрдээд байна, өнөөдрийн тухайд.
ХҮН-ий захиалсан Д.Энхбат
“Зөв хүн-элекотрат” эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ард түмнээсээ захиалсан. Хэд хэдэн нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн асан, “Дата ком”-ын захирал Д.Энхбатыг хурлаараа хэлэлцэн батламжилжээ. Цахим орчинд Д.Энхбат нэр дэвшигчид олон нийт ам сайтай байна.
ХҮН-ын дарга Т.Доржханд “Дангаасүрэнгийн Энхбат бол “Зөв хүн-электорат” эвслээс гэхээсээ илүү монголчуудыг төлөөлж байгаа. Монголчуудыг нэг зүгт харуулж, оюун санааных нь удирдагч байж, дэлхийн 200 улсад 7.5 тэрбумын зах зээл дээр монголчуудыг төлөөлж, хамгийн сайн дипломат, монголчуудыг эвлүүлэн нэгтгэгч байна гэсэн итгэлээр хүлээж авч байгаа” гэсэн юм.
Ийнхүү нэр дэвшигчдээ улс төрийн намууд тодруулаад байна. Хуулиараа Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг 5 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө гаргах бөгөөд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Н.Энхбат