УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.04.29/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 7 минутын дотор өөрчлөлт оруулан баталлаа. Ингэснээр өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүсийн нэр дэвших эрх хуулиар хаагдав.
Уг хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал байв. Алдаагаа 7 минутын дотор заслаа.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн байж болзошгүй байгааг анхаарууштай байна.
Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий.
Уг заалтаас харвал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд сонгууль явуулахгүй, мөн уг хуульд гар хүрэхгүй гэж ойлгогдоод байгаа юм.
Гэтэл одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан байдаг. Үүнээс ердөө хагас жилийн дараа буюу 6 дугаар сарын 9-ний өдөр санал хураалт явуулахаар товложээ.
Түүнчлэн 81 дүгээр заалтын дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёсгүй. Гэтэл 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр буюу сонгуулиас нэг сар гаруй хугацааны өмнө өөрчлөлт оруулав.
Ийнхүү УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр заалтыг хоёр ч удаа зөрчсөн байж болзошгүй дүр зураг тодорч байна.
Парламентад товчлуур дутахын зовлонгүй үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа нь эрх баригчдад цагаан дээр хараар бичсэн хуулийг зөрчих дархан эрх олгож болох уу? Эсвэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ийм заалт оруулж баталснаа мартчихсан юм уу?
Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр заалтыг зөрчөөгүй юм бол МАН-ын бүлгээс албан ёсны хууль зүйн тайлбараа өгөх ёстой.
Төрийн тэргүүнээ анх удаа зургаан жилээр сонгох гэж буй Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлах, өөрчлөлт оруулах үйл явц хууль зөрчсөн, зөрчөөгүйг мэдэх эрхтэй.
Б.Бат
Уншиж байна |